УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Тус хуралдаанаар Элчин сайд нарыг зөвшилцөх, Монголбанкны Ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх тухай, 2020 оны улсын төсөв зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудлуудтай холбоотой УИХ-ын гишүүд саналаа хэлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ. Тус хоёр асуудлыг хаалттай хэлэлцэх саналтай байна. 

Учир нь өнгөрсөн мягмар гарагт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ноцтой мэдэгдэл хийсэн. Тэрээр "Би ярих зүйлийнхээ зөвхөн 10 хувийг ярьж байна. 90 хувийг нь ярьж чадахгүй байна. Ярих боломж олгоод өгөөч" гэсэн. Харин "УИХ-ын дарга Г.Занданшатар "Би 95 хувийг нь ярьж чадахгүй байна. 5 хувийг нь ярьж байна" гэсэн.

Өнөөдөр Монгол Улс "Саарал жагсаалт"-д ороод яг 20 хонож байна. Энэ хугацаанд уг чиглэлээр бид хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Оншийг нь ч зөв тавьж чадаагүй явж байна. Тиймээс УИХ-ын дарга та 95 хувийг нь хэлж чадахгүй байгаа бол хэлэх ёстой газар нь хэл. Өөртөө хадгалаад яваад байж болохгүй. Албан тушаалаас нь чөлөөлөх гэж буй юм бол Монголбанкны Ерөнхийлөгчөөс хэлж чадахгүй байгаа 90 хувийн асуудлуудыг нь сонсоод явуулъя. Энэ асуудлыг шийдэж өгөөч" гэсэн санал дэвшүүллээ.