Саруулын Ариунжаргал
04 сарын 09, 2019
МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Турк улсын төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган нар даваа гарагт өргөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээ хийж, хоёр орны бизнес эрхлэгчдийн тэргүүлэх төлөөлөгчидтэй уулзжээ.
Уулзалтын үеэр голчлон эдийн засгийн асуудлуудыг хэлэлцлээ гэж хоёр орны удирдагчид онцлон тэмдэглэжээ. "Хэлэлцээ ажил хэрэгч бөгөөд тодорхой болсон боловч маргаангүй болохоос зайлсхийж чадсангүй. Гэсэн хэдий ч бүх саад бэрхшээлийг үл харгалзан талууд хамтын ажиллагаагаа идэвжүүлж, "сайн үр дүнтэйгээр" үргэлжлүүлнэ” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч хэллээ.
Хоёр орны Ерөнхийлөгч нар эдийн засагтай холбоотой асуудлуудаас гадна Сири улсын байдлыг хэлэлцжээ. Энэ сэдэв нь Орос-Туркийн харилцаатай холбоотой хэлэлцэх асуудлуудын дотор ордог уламжлалтай. Сири дэх террористуудтай тэмцэх ажиллагааг Анкара Москватай хамтран үргэлжлүүлэх хэвээр байгаа гэдгийг Туркийн Ерөнхийлөгч цохон тэмдэглэжээ.
Путин, Эрдоган нар мөн хэлэлцээ хийх үеэрээ цэрэг-техникийн хамтын ажиллагаанд онцгой анхаарал хандуулсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн цохон тэмдэглэснээр, тус улсын С-400 "Триумф" зенитийн пуужингийн системийг Туркт нийлүүлэх гэрээг эцэслэх нь Москва болон Анкарагийн эн тэргүүний зорилт юм. Үүнээс гадна, цэрэг-техникийн хамтын ажиллагааны салбарт ОХУ болон Турк улс цаашид өөр олон төслүүдийг хэрэгжүүлнэ гэдгийг Путин хэлсэн байна. Тодруулбал, Оросын цэргийн зориулалттай орчин үеийн бүтээгдэхүүнүүдийг Туркт нийлүүлэх аж. Тэрбээр мөн ОХУ болон Турк “өндөр технологийн цэргийн техникийг хамтран бүтээж, үйлдвэрлэх бүрэн боломжтой” гэдгийг мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.