Олон улсын анхаарал энэ долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дээр төвлөрөх бололтой. Учир нь тэрбээр “Вагнер” хагас цэрэгжсэн бүлэглэл эрх мэдлийг нь булаахаар заналхийлснээс хойш дэлхийн тавцанд дахин гарч ирэх нь. 

Путин Мягмар гаригт Бээжин, Москва тэргүүтэй бүс нутгийн аюулгүй байдлын бүлэг болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын виртуал дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөжээ. 

Евгений Пригожин тэргүүтэй хөлсний хувийн “Вагнер” бүлэг саяхан Оросын хоёр хотын цэргийн гол объектуудыг хяналтдаа авч, хэрэг мандаасан билээ. Удалгүй нууц хэлэлцээр явагдаж, бослого гэнэт зогсон, “Вагнер”-ын дайчид ухарч, Пригожин Беларусь руу явсан. 

Энэ хэлэлцээр Путины дэглэмд ямар ач холбогдолтой болох, “Вагнер”-ын хөлсний цэргүүдийн хувь заяа хэрхэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байгаа юм.