Р.Даваадорж: Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж байгааг Монголбанк мөнгө хэвлэж байна гэж тайлбарлах нь өрөөсгөл

П.Мөнгөнсор
09 сарын 21, 2026

Сүүлийн үед “Монголбанк мөнгө хэвлэж байна”, “Зах зээл дээрх мөнгөний нийлүүлэлт нэг жилийн дотор 10 их наядаар нэмэгдлээ” гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд ихээр тархаж байна.  Энэ талаар Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн Р.Даваадорж ээлжит бус хурлынхаа үеэр тайлбар өглөө. 


Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээс их хэмжээний валютын орлого олдог эдийн засагтай улс. 

Алт, зэс, нүүрс зэрэг бүтээгдэхүүнээ экспортлох үед гадаад валютаар орлого орж ирнэ. 

Энэ валют Монголын зах зээлд орж, төгрөгтэй солигдон эдийн засагт эргэлдэж эхлэх үед нийт мөнгөний нийлүүлэлт буюу М2 өсөх боломжтой.


Тиймээс М2 өссөн гэдэг нь дангаараа “Монголбанк ийм хэмжээний мөнгө шинээр хэвлэжээ” гэсэн үг биш.

Үүнийг бусад уул уурхайн орлого ихтэй улс орнуудтай харьцуулж харж болно. 

Жишээлбэл, Норвеги газрын тос, байгалийн хийн орлогынхоо тодорхой хэсгийг дотоодын эдийн засагт оруулж, үлдсэн хөрөнгийг гадаадын зах зээлд байршуулдаг тогтолцоотой. Ингэснээр уул уурхайн орлого бүхэлдээ дотоодын эдийн засагт нэг дор орж ирэхээс сэргийлдэг.

Харин Монгол Улсын хувьд эдийн засгийн бүтэц, санхүүгийн нөхцөлөөс шалтгаалан уул уурхайн экспортын орлого дотоодын зах зээлд орж ирэх хэмжээ харьцангуй өндөр байдаг. Ингэснээр зах зээл дэх төгрөгийн хэмжээ нэмэгдэж, М2 өсөхөд нөлөөлнө.


Нөгөө талд Монголбанк зах зээлд орж ирсэн төгрөгийн тодорхой хэсгийг өөрийн үнэт цаас болон бусад мөнгөний бодлогын хэрэгслээр татан авч, илүүдэл мөнгөний хэмжээг зохицуулдаг.


Тухайлбал, одоогийн байдлаар М2 мөнгөний нийлүүлэлт тодорхой хэмжээгээр өссөн хэдий ч Монголбанкны үнэт цаасанд ойролцоогоор 14 их наяд төгрөг байршуулсан байна. Мөн заавал байлгах нөөцөд 6–7 их наяд төгрөг байгаа.

Өөрөөр хэлбэл, зах зээлд орж ирсэн бүх төгрөг эдийн засагт чөлөөтэй эргэлдэж байгаа гэсэн үг биш. Монголбанк тодорхой хэсгийг нь буцаан татаж, мөнгөний нийлүүлэлтийг зохицуулж байна.

М2-ийн өсөлтөд уул уурхайн экспортын орлого, гадаад цэвэр актив, банкуудын зээл олголт зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Харин Монголбанк мөнгөний бодлогын хэрэгслээр дамжуулан зах зээл дэх мөнгөний хэмжээнд зохицуулалт хийдэг.


Иймээс Монголбанкны статистикийг тайлбарлахдаа зөвхөн нэг үзүүлэлтийг салгаж харах бус, мөнгө хаанаас бий болж, эдийн засагт хэрхэн орж ирж, Монголбанк түүний хэдийг нь буцаан татаж байгааг хамтад нь харах нь чухал.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.