Б.Анхилам
11 сарын 09, 2021
АНУ-ын Хьюстон хотод Кайли Женнерийн нөхөр, реппэр Трэвис Скотт AstroWorld гэх тоглолтоо толилуулжээ. Харамсалтай нь тоглолтын үеэр найман хүн амиа алдаж, олон зуун хүн бэртэж гэмтсэн хэрэг гарсан байна. Улмаар хэргийн хүрээнд реппэр Трэвис Скотт болон реппэр Дрэйк нарыг шүүхэд дууджээ.
"AstroWorld Music Festival" тоглолт энэ сарын 5-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд 50 гаруй мянган үзэгч цугласан нүсэр тоглолт болсон юм. Гэвч оройн 21:00 цагийн үед тоглолт дөнгөж эхлэхтэй зэрэгцэн үзэгчид үймж, тоглолтын үеэр хэт доргисон үзэгчид санамсаргүй байдлаар нэгнийхээ аминд хүрчээ.
Тодруулбал, тоглолт эхлэхэд тайзанд дөхөж, реппэр одыг ойроос харах гэсэн үзэгчид олноор шахцалдахад зарим хүн ухаан алдаж унаснаар уг харамсалтай үйл явдлын эхлэл тавигдсан байна. Тийнхүү хэсэг бүлэг хүн түргэн тусламж дуудаж, тоглолтоо зогсоохыг шаардсан ч AstroWorld тоглолт огт завсарлалгүй үргэлжилжээ. Нөхцөл байдал нүдээр харсан хүмүүсийн хувьд хар дарсан зүүд мэт болж, түргэн тусламжийн тэрэг ч түмэн олныг сэтэлж чадалгүй гацсан байна.
Тийнхүү реппэр болон тоглолтын зохион байгуулагч нарыг аюулгүй байдал, хэв журмыг ханган ажиллаж чадаагүй гэж үзэн шүүхэд дуудсан байна.
Одоогоор реппэрүүд ямар нэг мэдэгдэл хийгээгүй ч реппэр Трэвис Скотт, Кайли Женнер, Кендалл Женнер тэргүүтэй одод амиа алдсан хүмүүсийн гэр бүлийнхэнд харамсаж байгаагаа олон нийтийн хуудаснаа бичин илэрхийлжээ.
Эх сурвалж: UNILAD
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.