Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн иргэдийн банкны картын туузан мэдээлэл, нууц үгийг хуулбарлан авч хууль бусаар ашиглаж байсан этгээдүүдийг илрүүлжээ.

Хохирсон иргэд “Өөрөө ямар ч гүйлгээ хийгээгүй байхад данснаас зарлага гараад байна” гэх мэдээлэл ирж уг хэргийг шалгажээ. 

Мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж сэжигтэй этгээд Н, Э нарыг холбогдуулан шалгаж байна. Тэднийг Улаанбаатар хотын төвд байрлах ресторануудад үйлчлэгч, зөөгчөөр ажилд орж үйлчилгээний төлбөрөө картаар хийсэн иргэдийн картын туузан мэдээлэл, нууц үгийг хуулбарлан авч, түүнийгээ ашиглан бэлэн мөнгөний машинаас мөнгө гаргаж авдаг болохыг шалгалтын явцад тогтоожээ.

Н, Э нар нь нийт 16 иргэний банкны картын мэдээллийг тусгай төхөөрөмж ашиглан хууль бусаар олж авсан болохыг тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Иймээс иргэд цахимаар гүйлгээ хийхдээ төлбөрийн картын нууцлалаа өөрөө хамгаалж кодоо хийх, бусдад дамжуулахгүй байхыг анхааруулж байна.