Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) байгууллагаас Олон улсын олимпийн хорооны ивээн тэтгэгчдэд Хятад дахь гашуун бодит байдлыг дэвэргэн өөгшүүлж буйг нь сануулах зорилгоор тэдний зар сурталчилгааны уриа үгийг ашиглан, олон улсын мэдээлэлжүүлэх аян эхлүүлжээ.

Олимпын наадам нь нэр алдар, спортын тулалдаан, эд мөнгө, мөн ихэнхдээ улс төрийн суртал ухуулга дагуулдаг. 

Бээжингийн үндэсний цэнгэлдэх хүрээлэн маргааш эхлэх 2022 оны өвлийн олимпийн нээлтийн ёслолд бэлтгэж буй, мөн тоглолтууд эхлэх гэж байгаа энэ үед RSF олон нийтийн анхаарлыг дэлхийн тэргүүлэгч брэндүүдийн сурталчилгааны уриа үг болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боомилж буй дэглэмийн бодит байдлын зааг ялгаанд хандуулж байна. 

RSF мөн ивээн тэтгэгчид үнэт зүйлсийнхээ эсрэг, нийгмийн хариуцлагыг эрхэмлэн сахих үүргээ зөрчиж буй үйлдэл хийж байгааг харуулахыг хүсэж байна.

Энэхүү аян нь ивээн тэтгэгчдийн зар сурталчилгааны уриа лоозон, сэтгэл татам үг хэллэгийг ашиглан, тохиолдол бүр нь тус дэглэмийн дарангуйллын мөн чанарыг олж мэдсэн хүнд ямар ч утга учиргүй мэт санагдах дүрслэлүүдээс бүрдэнэ. 

Жишээлбэл, Panasonic-ийн "Амьдралд зориулсан санаанууд" гэсэн урианд RSF "Хятадын сэтгүүлчдийн амьдрал юу болж байна вэ?" гэж хариулав. Airbnb-ийн "Хаа сайгүй" гэсэн урианд RSF "Хятадад сэтгүүлчид шоронгоос өөр харьяалагдах газар үгүй" гэв. 

RSF дүрслэлээ ихэнх анхдагч урианы нэгэн адил англи хэл дээр хийсэн.

"Энэхүү өвлийн олимпын наадмыг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлж буй үндэстэн дамнасан компаниуд тус дэглэмийн олимпын тоглолтыг ашиглах аливаа хариуцлагаас мултарч чадахгүй" хэмээн RSF-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар хэлээд "Бид тэднээс суртал ухуулгын хамтрагч мэт авирлахгүй байх, Хятад дахь мэдээ, мэдээлэл авах эрхийг хязгаарлахыг дэмжихгүй байхыг хүсэж байна" гэв.
RSF арванхоёрдугаар сарын 7-нд "Хятад дахь сэтгүүл зүйн огцом ухралт " нэртэй 82 хуудас бүхий тайлан эрхлэн гаргасан билээ. 

Уг тайланд Хятадын эрх баригчдын зүгээс мэдээлэл авах эрхийг хэрхэн боомилж буйг илчилэн, үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөөний талаар олон улсын өмнө хүлээсэн үүргээ хэрхэн зөрчиж буйг харуулсан юм.


Хятад улс RSF-ийн 2021 оны Хэвлэлийн эрх чөлөөний индексээр180 орноос 177-д буюу Хойд Солонгосоос ердөө хоёрхон байрын өмнө жагссан юм..