Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Москва хотод ажиллаж байна. 

Энэ сарын 11-ний өдрөөс 13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулагдсан Дорнын эдийн засгийн IV уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах, төмөр замын шинэчлэл, хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа зэрэг олон чухал асуудлыг хөрш орнуудын төрийн тэргүүнүүдтэй хэлэлцсэн билээ.

Мөн энэ үеэр монголын төлөөлөгчид ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров, Байгалийн нөөц, экологийн сайд Д.Н.Кобылкин, “Роснефть” компанийн Ерөнхий захирал И.И.Сечин болон бусад төлөөлөгчидтэй уулзаж, геологи, уул уурхай, газрын тосны салбарын хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх талаар санал солилцсон.

Дээрх уулзалтуудын үеэр хоёр талаас яригдсан зарим саналуудыг нарийвчлан ярилцах, бодит ажил хэрэг болгоход чиглэсэн ажлуудыг төлөвлөх, газрын тосны бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн асуудлыг хэлэлцэхэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын энэ удаагийн ажлын айлчлалын зорилго оршиж байна.

Дашрамд дурдахад, өнгөрсөн баасан гарагт МАН-ын Бага хурал Нийслэлийн МАН-ын даргыг сонгохоор хуралдсан. Тус хуралдаан үүрийн 05.00 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд Нийслэлийн МАН-ын даргад  намаас нийслэлийн Засаг дарга С.Батболд нэр дэвшсэн бол заалнаас УУХҮ-ийн сайд Д.Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлсэн юм. Ингэснээр нууц санал хураалт явуулахад 50.4 хувиар Д.Сумъяабазар нийслэлийн МАН-ын даргаар сонгогдоод буй юм.