Украинд явуулж байгаа ОХУ-ын цэргийн түрэмгийлэл Молдав улсыг татан оруулж магадгүй талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна. 

Молдав улсын хувьд өөрийн армиа байлдааны бэлэн байдалд оруулаад буй. Түүнээс гадна Румын улс Украин болон Хар тэнгис дагуу өөрийн цэргийн хүчээ хурааж эхэлжээ. Мөн Финланд улс НАТО-д элсэх хүсэлтийг ОХУ зөвшөөрөхгүй болсон тул ОХУ-тай хиллэдэг хил дагуу цэргийн их хүчээ татан төвлөрүүлж байна.

ОХУ-ын цэргийн төв штабын дэд командлагч Рустам Минникаевын хэлснээр Украин дахь дайны хоёр дахь шатны үйл ажиллагааны зорилго нь Украины зүүн хэсэг Донбассыг аваад зогсохгүй өмнөд Украиныг эзлэх, хяналтаа тогтоох цаашилбал Молдавын орос хүмүүс ихэвчлэн оршин суудаг, салан тусгаарлах үзэл санаатай Транснистриагийн бүгд найрамдах улстай холбогдоно гэсэн утгатай мэдэгдэл гаргасан юм. 

Барууны хэвлэлд уг төлөвлөгөөг ОХУ нь Молдавыг авч Украины ар талаас дайрах гэж байна гэж тайлбарлаж байна. 

Уг мэдэгдлийн дараа ОХУ-ын талыг баримтлагч, салан тусгаарлах үзэл санаатай Транснистриагийн бүгд найрамдах улсын хэдэн хэдэн цэргийн обьектод халдлага гарсан байна. Тус улсын албан ёсны нэр нь Приднестрийн Бүгд Найрамдах Молдав Улс бөгөөд 1990 онд Бүгд найрамдах улсаа тунхагласан боловч өнөөг хүртэл олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй. 555.000 хүн амтай 30 хувь орос хүмүүс оршин суудаг далайд гарцгүй улс юм. 

Транснистриагийн нийслэл Тираспол хотын төвд оршдог парламентын байрны дээр ОХУ төрийн далбаа болон Транснистриагийн далбаа хамт байдаг бөгөөд уг бүс нутагт ОХУ-ын цэргийн анги байрладаг юм. 

Молдавын арми Транснистриагийн босогчидтой дангаар тулалдах уу, эсвэл Транснистриа-ОХУ хамтарсан хүчтэй тулалдах уу гэдгийг цаг хугацаа харуулах үлдээд байна.


Эх сурвалж: https://ecfr.eu/