ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гэх мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, БОAЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл өглөө.

Тэрээр "Намайг мөнгө авсан гэх мэдээлэл цацагдаж буй учир албан ёсоор мэдээлэл хийж байна. Би УИХ-д нэр дэвших үе буюу 2016 оноос хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-аар хянуулж ирсэн. Миний "Хархираан хөгжил инвест" гэсэн гурван үг орсон нэртэй компанийг 2 үгтэй болгоод зээл авсан гэх худал мэдээлэл цацаж байна. Тус компанийг 2015 онд байгуулсан. 100 хувь миний нэр дээр байгаа.

"Булган буудай" компанийн бусадтай хамтарсан хувьцаагаа 3 дугаар сарын 29-нд иргэн Ш.Мөнхбаяр гэдэг хүнд албан ёсоор шилжүүлсэн. Энэ хувьцааг авсан хүн маань "Намуу дэвжих" компанид хувь эзэмшдэг. Тэгээд олон ажил авсан юм шиг байна. Би өөрөө бол Ш.Мөнхбаяр болон "Амуу дэвжих" компанитай ямар ч холбоогүй, холбогдож ч байгаагүй. Тухайн хүн миний хувь эзэмшдэг байсан компанийг худалдаж авсан. Тэрнээс биш хаана юу хийдэг, хэн гэдгийг нь би мэдэхгүй.

Яагаад ийм мэдээлэл гарсан бэ гэхээр бүртгэл дээр шинэчилэл хийгдсэн. Бүртгэл дээр "Булган буудай"-тай холбоотой компани маань Ш.Мөнхбаяр гэдэг хүнд 4 дүгээр сарын 3-наас эхлэн 100 хувь эзэмшигч нь болсон. Хэрэв миний нэр дээр байсан бол шүүхээр гараад ирэх байсан.

Сүүлийн үед нийгэмд үүсээд буй энэ байдал бол олон жил явсан аль аль улс төрийн хүчнүүдийн бий болгосон алдаа. Бүртгэлийн систем ил тод, цаг хугацааны нарийвчлалтай болсон учир энэ дагуу тайлбар мэдээллийг хийж байна" хэмээн ярилаа.