Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн жижүүрт иргэдээс ирэх дуудлага сүүлийн үед эрс нэмэгджээ. Тодруулбал уржигдар  буюу бямба гарагт Налайх дүүргийн 6 дугаар хороо Мойлтын тохойд, мөн "Тэнгэрийн энерги" амралтын газрын хойд гарам дээр усанд боогдсон гэсэн дуудлагаар дэд хурандаа Л.Чинбатаар ахлуулсан 7 албан хаагч, 1 автомашинтайгаар очжээ. Тухайн үед голын усанд боогдсон 3-29 настай 3 иргэнийг  аварсан ажээ. 

Мөн иргэн Т, Э нарын автомашинуудыг Туул голын усанд суусныг татаж гарган машин дотор байсан 3 иргэний амь насыг нь аварчээ. 

Эдгээр иргэд голын ус үерлэсэн үед автомашинтай гол гатлах гэж ийм байдалд орсон ажээ. Мөн энэ төрлийн дуудлага ихэсч байгаа учраас иргэд ихээр очдог хэсгүүдэд хөдөлгөөнт эргүүлээр ажиллуулж, голын усанд эрсдэх аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.