Улс даяар онцгой дэглэм тогтоож коронавирусийн эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд урьдчилан сэргийлэх ажил, хяналт шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс Нийслэлийн Засаг С.Амарсайхан өчигдөр Багануур дүүрэгт ажиллав.

Энэ үеэр Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир 2015 онд Нийслэлийн мал эмнэлгийн газраас бариулсан  300 орчим сая төгрөгийн өртөгтэй автомашиныг шүршиж ариутгах төмөр саравч ажиллахгүй олон жил болж байгааг дуулгалаа. 

Тустөмөр саравч нь анх ашиглалтад орохдоо нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийг бүрэн ариутгах зориулалттай байсан боловч баригдсан цагаасаа хойш огт ажиллаагүй, өвлийн нөхцөлд ажиллах ямарч боломжгүй юм байна. Хотын захирагчийн зүгээс тус төмөр саравчийг барьсан компанийг олж хариуцлага тооцох, саравчийг хэвийн ажиллуулдаг болгох үүргийг холбогдох албан тушаалтнуудад өглөө.

Хотын захирагч Багануур дүүрэг дэх Хэрлэнгийн гүүр дэх шалган нэвтрүүлэх товчоонд хяналт шалгалт хэрхэн хийгдэж байгааг шалгаж, хотруу орж гарах автомашин бүрийг галгаж, зорчигч бүрийн халууныг хэмжих нь чухал гэдгийг товчоонд ажиллаж  байгаа албан хаагчдад санууллаа.  

Үүний дараагаар Хотын захирагч С.Амарсайхан болон Нийслэлийн зарим газар хэлтэс, агентлагийн дарга нарын хамтаар Багануур дүүргийн ЗДТГ-ын байранд дүүргийн тѳрийн албан хаагчдын тѳлѳѳлѳлтэй уулзлаа. 

 

Уулзалтын төгсгөлд Хотын Захирагч С.Амарсайхан Багануур дүүргийн төрийн албан хаагчдад хандан хэлсэн үгэндээ  “Дэлхий нийтээр шинэ төрлийн коронавирусийн тархалт буурахгүй нэмэгдэж байна. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүхий л чиглэлээр эрчимжүүлэхээс өөр аргагүй байдалтай байна.

Төр Засгийн шийдвэр гарсан хэдий ч иргэн бүр хариуцлагатай байж өөрийгөө өртөж болзошгүй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлэх шаардлагатай. Энэ цаг үед шат шатны байгууллагын уялдаа холбоо, төрийн албан хаагчид та бүхний үүрэг хариуцлага чухал.

Мөн дүүрэг, нийслэлээ хөгжүүлэх үйл хэрэгт төрийн албан хаагчдын эрхэлсэн ажилдаа эзэн байх хандлага дутагдаж байна. Нийслэлийн есөн дүүрэгт Хотын захирагчийн хувьд очиж ажиллаж байгаа. Өмнө нь Налайх дүүрэгт ажилласан энэ удаа Багануур дүүрэгт ажиллаж байна. 

Төрийн албан хаагчдад асуудлыг шийдвэрлэх зүтгэл байх ёстой. Тийм учраас амьдралд дунд орж, газар дээр нь очиж ажиллаж байж шийдвэр гаргахыг чухалчилж ажиллаж байна. Бид цагаан сарын өдрүүдэд төрийн албан хаагчдыг гудамж талбайд эргүүлээр ажиллуулах шийдвэр гаргасан. Цаашдаа гудамж талбайд эргүүл томилж ажилладаг байдлыг иргэд нус цэр, хогоо ил хайхгүй байх, булан тохойд бие засдаггүй байх ухамсар бий болох хүртэл үргэлжлүүлэн ажиллуулах бодолтой байгаа” хэмээлээ.



Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс