Ерөнхийлөгчийн сонгуульд хотын дүүрэгт МАН ялагдсан хариуцлагыг хүлээж, НИТХ-ын дарга Ц.Сандуй албан тушаалаа өгсөн билээ. Хоёр ч долоо хоног хойшилсны эцэст өнөөдөр НИТХ-ын даргаар НИТХ-ын МАН-ын төлөөлөгч С.Амарсайхан ажиллахаар боллоо. Түүний хувьд сонгогдохоосоо өмнө нам дотор шахаанд орсон ч нэрээ татахгүйгээр өрсөлдөж 51.2 хувийн саналаар ялав. Тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өгсөн юм.

-Хээл хахуультай холбоотойгоор Ц.Сандуй дарга ажлаа өгсөн. Энэ байдлыг хэрхэн халах вэ?

-Энэ ажлыг би зөвхөн Монгол улсын нийслэл төдийгөөр харахгүй. Бүс нутагтаа, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ажиллаж амьдрахад аюулгүй таатай хотыг бий болгохын тулд ажиллана. Ингэхийн тулд нийслэлийн төр засгийн байгууллагын боловсон хүчний бодлогыг эргэн хармаар байна. Мөн хяналтыг хатуу тавьж ажиллана.

-Өөрийг чинь нэр дэвшиж байхад таны мэдлийн Оюуны ундраа ХХК Зайсанд их хэмжээний газар авсан гэсэн яриа гарсан. Энэ үнэн үү?

-Оюуны Ундраа компани бол өдийг хүртэл хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ компанийг газар эзэмшиж, бизнес хийж, үйл  ажиллагаа явуулж болохгүй гэж хэн ч хэлээгүй. Бүх ажил нь хуулийн хүрээнд үйл ажиллагаа явагдаж байна.

-НИТХ-ын даргын суудалд суухын тулд ардчилсан намтай тохироо хийсэн гэсэн яриа байна?

-Би аль нэгэн намтай тохироо хийсэн зүйл байхгүй. Бид өнөөдөр шударгаар өрсөлдсөн, энэ танхимд байгаа гишүүдийн олонх нь дэмжсэнээр НИТХ-ын даргын ажилд сонгогдлоо. Цаашдаа ч гэсэн олонх цөөнх гэж ялгаж салгахгүйгээр нийслэлийн эрх ашгийн төлөө зөвтэй нь нийлж буруутай нь тэмцэлдэж ажиллана.

-Сү.Батболд даргыг огцруулна гэсэн яриа байна. Энэ тал дээр таны байр суур ямар байгаа вэ?

-Энэ асуудал дээр яг одоо байр суурь илэрхийлэх боломжгүй. Бид асуудлыг аль болох улс төржиж  дэврээж дэгдээхгүй гэсэн зарчимтай. Хувийн болон хэсэг бүлэг хүмүүсийн сонирхлоор хотын ажил явахгүй шүү дээ.

-Нийслэлийн иргэдийн тулгамдсан асуудал болох төв цэвэрлэх байгууламжийн ажил эхлэх үү?

-Энэ бол нийгмийн захиалга. Нийслэлийн иргэдийн эрүүл мэнд, цаашлаад хот оршин тогтох эсэх дээр яригдах асуудал олон байна. Утаа, агаар, цэвэрлэх байгууламж зэрэг. Эдгээр ажлыг дугаарлаж үзэхгүйгээр шийдэх ёстой. Шийдэхдээ зоригтой, цаг алдахгүй эхлүүлмээр байна. Ингэхдээ өөрсдийн нөөц боломж маань хүрэлцэхгүй бол гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татаж төр хувийн хэвшлийг дэмжиж бүх нөөц боломжоо ашиглах ёстой. Мөнгөтэй ч хийдэг ажил байна, хөрөнгө шаардахгүйгээр санал санаачилгаар эхлүүлэх ажил үүнээс олон байна.

С.Амарсайхан тамгаа гардан авсныхаа дараа хэлсэн зарим үгийг онцлох хүргэе.

-Би нийслэлийн төр захиргааны байгууллагын бүтэц зохион байгуулалтыг шинэчилнэ.

-Нийслэлийн албан тушаалтны хариуцлга, сахилга батыг  сайжруулж, авлига, хээл хахуул зэрэг хуучирсан арга барилыг зоригтой хална.

 -Утаа, цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг яаралтай эхлүүлнэ

-Замын ачааллыг бууруулахаар нийтийн тээврийн томоохон төслүүдийг хэрэгжүүлнэ.

-Гэр хороололыг хөгжлийг шинэ шатанд гаргана

-Жишиг хот дүүргүүдийг бий болгоно.