Б.Баясгалан
01 сарын 09, 2019
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.
Тэрээр "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагсдад тэтгэлгийн хэмжээ, тэтгэлэг олгох журмыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлж баталлаа. Өнөөдөр Монгол Улсад төрийн болон төрийн бус өмчийн нийт 85 мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад 35384 залуус ур чадвараа дээшлүүлэх, мэргэжилтэй болох зорилгоор суралцаж байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг бэхжүүлэх, тус байгууллагуудад суралцаж буй залууст тэтгэлэг олгодог байх, дотоодын хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байгаа мэргэжилтэн, ажилтныг дотоодоосоо 100 хувь хангадаг байх гэсэн зорилтуудыг тусгасан.
Энэ зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газар 2019 оны улсын төсөвт мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад суралцаж буй залуучуудад тэтгэлэг олгодог байхаар төсөвт тусгасан. Тус байгууллагад суралцаж буй залууст сард 100 мянган төгрөг олгодог байхаар нийт 41 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцаж буй 35384 залууст 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог байхаар тогтоолоо.
Мөн тус тэтгэлгийг олгохтой холбоотой журмыг хэлэлцэн баталлаа. Энэ журам нь өмнөх журмуудаас 2 зүйлээр онцлог.
1. Өмнө нь 45-70 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог байсан бол энэ удаа сар бүр 100 төгрөг олгохоор тогтоож байна.
2. 2007-2016 оны хооронд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад суралцаж буй залууст тэтгэлэг олгохдоо 24 хүртэлх насны залуучуудад л олгодог байсан. Насаар нь хязгаарлаж тэтгэлэг олгодог явдлыг зогсоох чиглэлийг Ерөнхий сайд өгсны дагуу мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад суралцаж буй залууст нас харгалзахгүй бүгдэд нь тэтгэлэг олгохоор тогтоолоо.
Тэтгэлгийг арилжааны банкаар дамжуулан оюутан залуусын данс руу хийнэ. Мөн тэдний сурлага болон ирцээс хамааран тэтгэмжийг олгох нь зүйтэй гэсэн чиглэлийг журманд оруулан баталлаа" хэмээн мэдэгдлээ.
Тухайлбал “D” үнэлгээтэй, 75-аас дээш хувийн ирцтэй бол 70 мянга, “С” бол 80, “В” бол 90 мянга, “А” бол 100 мянган төгрөг авна гэсэн үг юм. Гэхдээ тухайн суралцагч нийт хичээлийн дөрөвний нэгээс дээш буюу 33-аас дээш цагийн хичээлд суугаагүй бол ямар ч үнэлгээтэй байсан тэтгэлэг олгохгүй байхаар журамд заажээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.