Хүүхдийн мөнгө олгох асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн хүсэлт гаргасан өрхийн хүүхдүүдэд мөнгөн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэх чиглэл өгсөн. Тус чиглэлийн дагуу ХНХЯ, Хөдөлмөр хамгааллын үйлчилгээний газар энэ 6 дугаар сард багтааж хүсэлт гаргасан өрхүүдийн хүүхдүүдийг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Иргэдэд бодит мэдээлэл өгөхгүй бол "хүсэлт авахгүй байна" гэсэн асуудлууд гараад байна. 

2018 оны 5 дугаар сард УИХ-ын шийдвэр гарч, нийт хүүхдийн 80 хувь буюу 912.000 хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох 40 дүгээр тогтоолыг баталсан. Энэ тогтоолоор Засгийн газарт өгсөн нэг үүрэг нь цаашид хүүхдийн мөнгөн тэтгэм авах хүсэлт гаргасан өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох арга хэмжээ ав гэж заасан.

Тус заалтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл дээрх 912.000 хүүхдэд сар бүр хүүхдийн мөнгө олгосон. 

Өнгөрсөн оны 7, 8 дугаар сард авсан судалгааны дагуу 912.000 хүүхэд дээр нэмэгдээд үндсэндээ 70.000 хүүхдийн тэтгэмж авах хүсэлт ирсэн байна. Тиймээс 2019 оны 6 дугаар сараас эхлэн эдгээр хүүхдэд мөнгө олгох асуудал саадгүй хэрэгжинэ.

Иргэдэд хандаж 2 зүйлийг хэлмээр байна. 

Нэгдүгээрт, УИХ-аас гарсан 40 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд ХНХЯ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас 2018 оны 7, 8 дугаар сард хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах хүсэлтээ илэрхийлж, Хөдөлмөр, халамжийнхаа хэлтэст бүртгүүлж, материалаа өгсөн бол тэдгээр өрхийн хүүхдүүд дахин хүсэлт гаргахгүйгээр мөнгөн тэтгэмж авах эрх нь үүсээд явах боломжтой. Харин өөрсдөөө Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс дээр очоод "манай хүүхдийн мэдээлэл өрхийн мэдээллийн санд орсон байна уу" гэдгийг үзэж, тулгалт хийгээд баталгаажуулах арга хэмжээ авах нь зүйтэй.

Хоёрдугаарт, Хэрвээ 2018 оны 7, 8 дугаар сард хийгдсэн судалгаанд хамрагдаагүй өрх үлдсэн бол өнөөдрөөс эхлэн аймаг, дүүрэг, сумынхаа Хөдөлмөр халамжийн нийгмийн ажилтнуудад хүүхдийн мөнгөн тэтгэм авах хүсэлтээ илэрхийлэх боломжтой. Тус материалыг нь авсны дараа бид амжиргааных нь түвшинг 670 гэсэн оноогоор татаж үзээд, баталгаажуулж, хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох арга хэмжээг авна. 

2019 оны 6 дугаар сарын 1-нээс хүсэлт гаргасан хүүхдүүдэд мөнгөн тэтгэмж олгоход нэмэлт 12.3 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай байгаа. Тус мөнгийн 2019 оны ХНХ-ын сайдын батлагдсан төсвийн багцад багтааж, зохион байгуулан олгох бүрэн боломжтой гэж Сангийн яам, манай яам тооцоо хийсэн. Үүнд ямар нэгэн хууль, төсөв зөрчигдөх, санхүүгийн дутагдал гарахгүй" хэмээн мэдэгдлээ.