С.Чинзориг: Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг дахин буурууллаа

Х.Оргил
01 сарын 18, 2019

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банкуудтай хамтран ажиллаж тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодруулахад,

“Ахмадуудын тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулах хүрээнд манай яам арилжааны банкуудтай хамтран ажиллаж жил бүр тодорхой хувиар бууруулж ирлээ. 2017 онд жилийн 15 хувийн хүүтэй байсан тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг  2018 онд 12 хувь болгон бууруулсан бол энэ оны нэгдүгээр сарын 16-наас Төрийн болон ХААН банктай хамтран тэтгэврийн зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа. Тодруулбал, дээрх хоёр банкнаас тэтгэвэр авдаг ахмадууд тэтгэврээ барьцаалсан зээлийг 12 сар хүртэлх хугацаагаар сарын 0.83, жилийн 10 хувиар тооцон авах боломжтой болж буй юм. Мөн зээл авсан нөхцөлд тэтгэврээ 100 хувь зээл болон хүүгийн төлбөрт өгдөг байсныг өнгөрсөн жилээс өөрчилж тэтгэврийн 30 хувь ахмадуудын гар дээр үлдэж байх зохицуулалтыг хийсэн” гэлээ.

Тэтгэвэр авагчдыг зээлийн хүүгийн дарамтаас хөнгөлөн, тэтгэврийн зээлийг бага хүүтэйгээр авах боломжийг бүрдүүлэх энэ арга хэмжээг 2018 онд тэтгэвэр олгодог арилжааны бүх банктай гэрээ байгуулж зээлийн хүүг 3-6 пунктээр бууруулсан юм. Ингэснээр сарын 1.0, жилийн 12 хувь болгон нийт 43 290 тэтгэвэр авагч 42.1 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авч 1.6 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдсөн бол энэ онд тэтгэвэр авагчид 4,0 орчим тэрбум төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо гарчээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.