Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг хүргэх үүднээс Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ОХУ-ын Улаан-Үд хот чиглэлд энэ сарын 9-ний өдрөөс зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр боллоо.

Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Тээврийн ажлын хэсгийн 14 дүгээр хуралдаанаар тохиролцсоны дагуу ийнхүү улс хоорондын шинэ чиглэл нэмэгдэж байна.

Тус чиглэлд улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг эхлүүлснээр иргэдэд стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тогтмол цагийн хуваарийн дагуу ая тухтай үйлчилгээг хүргэх нөхцөл бүрдэх юм.

Тээвэрлэлтийг Монголын талаас “Зэлтэрийн зам” ХХК, ОХУ-ын талаас “Восток транс” ХХК-ууд том оврын автобусаар гүйцэтгэнэ.

Үйлчилгээний цагийн хуваарь

-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас: Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Ням гарагуудад өглөөний 04:30 цагт тогтмол гүйцэтгэнэ.

-ОХУ-ын Улаан-Үд хотоос: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Бямба гарагуудад 12:00 цагт тогтмол гүйцэтгэнэ.
Тээвэрлэлтийн зай: 260,5 км
Тээвэрлэлтийн хугацаа: 6 цаг 45 минут

Хөдлөх цэг:
Монголын талаас: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төмөр замын вокзал
Оросын талаас: ОХУ-ын Улаан-Үд хотын автовокзал

Тариф: 

Монгол талаас: Том хүн 26,000 мянган төгрөг, хүүхэд 13.000 төгрөг

ОХУ-ын талаас: 650 рубль, хүүхэд, 325 рубль


Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв