Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ардчилсан нам өчигдөр "Хариуцлага нэхэх сөрөг хүчний жагсаал"-ыг төв талбайд хийсэн юм.

Мэдээллийн үеэр АН-ын дарга С.Эрдэнэ "Өчигдөр жагсаал цуглаан болж байх хойгуур УИХ-ын чуулганаар Оюу Толгойн асуудлыг хэлэлцсэн байна. Оюу Толгойн гэрээг байгуулсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ амьд байж байгаа. Тэр дотроос хэн нэгнийг сугалж, цоллох гэж, аль нэг улс төрийн хүчнийг буруутгах гэж байна. Хариуцлага бол хариуцлага. Тухайн үед Монгол төрийн өмнө гүйцэтгэх засаглалын хариуцлагыг хүлээж байсан Засгийн газар л хариуцлага хүлээх ёстой. Шууд хэлэх юм бол Санжийн Баярын тэргүүлж байсан Засгийн газар Оюу Толгойн гэрээнд хариуцлага хүлээх ёстой. 

Би тухайн үед сөрөг хүчний УИХ-ын гишүүн байсан. Оюу Толгойн гэрээг хамгийн их эсэргүүцэж байсан хүний нэг учир өнөөдөр энэ үгийг хэлэх эрх надад байгаа. Тухайн үеийн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах гэж би 2 удаа УИХ-д албан бичиг өргөн барьсан ч харамсалтай нь олонхын дэмжлэг авч чадаагүй. 

Өнөөдөр Оюу Толгойн гэрээг ярьж байхад шударга ёс яриад явж буй ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж тухайн үед ч ХЗДХ-ийн сайд байсан. Ер нь Ц.Нямдоржийн ХЗДХ-ийн сайд хийгээгүй үе гэж байхгүй. 22 жил Монголын хууль зүйн салбарыг толгойлсон. Тэгээд нийгэмд хор уршиг болсон аливаа нэгэн асуудал гарахад би байгаагүй, би мэдэгүй, би зурагтгүй, орон сууцгүй гэдэг зүйл яриад л хойшоо сууж байдаг. Тэгээд өөрт нь ашигтай асуудал гараад ирэхээр гэнэт гарч ирээд шударга дүр үзүүлээд тоглоод явчихдог. Харамсалтай нь өнөөдөр ийм улстөрчид Монголын нийгмээр дүүрэн байна. Тийм учраас Ардчилсан нам эдгээр асуудлыг ярьж байна" хэмээлээ.