Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчөөгүй гээд нөхөн сонгууль зарласан тов болон нөхөн сонгуулийн зардлыг шийдсэн тогтоолыг хууль зөрчсөн хэмээн үзсэн билээ. 

Уг асуудлаар АН-ын дарга С.Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.

"Эрх баригч намын хувьд үнэхээр ичгүүртэй, тун хариуцлагагүй үйлдэл болж байна. Өчигдрийн цэцийн дүгнэлтэд маш ойлгомжгүй тайлбаруудыг хийсэн. УИХ-ын гишүүн зөвхөн сонгогдсон тойргийнхоо сонгогчдыг төлөөлөх бус бүх ард түмний элч төлөөлөгч байна гэсэн үндэслэлээр одоо байгаа 75 гишүүн бүх ард түмнийг төлөөлж чадна гэсэн үндэслэлийг дахин дахин хэлээд байна лээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын чадамж бол 57 ба түүнээс дээш гишүүн байгаа тохиолдолд их хурал бүрэн чадамжтай ажиллана гэдгээ хэлсэн. Хэнтийн 42 дугаар тойрог төлөөлөлтэй байсан байгаагүй ялгаагүй тойргийн хоосон орон зайг нөхөөд ажиллаад явах боломжтой хэмээн тайлбарлахыг оролдсон. Энэ нь Хэнтийн 17 000 сонгогчдын эрх ашгийг ҮХЦ уландаа дэвсэлчихлээ.Үндсэн хуулийг дээдэлдэг цэцийн шийдвэр шүү дээ. Үүнийгээ сөрөг хүчин маань үгүйсгэх гээд манай нам руу чихэж байна лээ. Үнэндээ Үндсэн хуулийн гишүүдийн бараг дийлэнх нь МАН-ын угшилтай хүмүүс. Ийм нөхцөл байдалд барин тавин шийдвэр гаргачихаад түүнийгээ улс төрийн хүчин рүү нялзаах гэж оролддог ичгүүр сонжуургүй үйлдлээ болих хэрэгтэй.  Үндсэн хуулийн цэц эрх мэдэлтнүүдийн захиалгыг гүйцэтгэгч болжээ" гэлээ