20 насныхаа дунд ирээд Лорен Жарвис-Гибсон ганц бие байгаадаа анх удаа санаа зовлоо. Эргэн тойрны найз охид нь гэр бүл болох харилцаанд орж байхад тэр гурав дахь жилээ ганцаараа угтаж байв.

“Заримдаа надад л асуудал байна гэж бодогддог. Ялангуяа эмэгтэй хүнд ийм өөрийгөө буруутгах сэтгэл амархан төрнө шүү дээ. Нийгэм эмэгтэйчүүд эр хүнгүйгээр бүрэн бүтэн байж чадахгүй гэж ойлгуулдаг. Энэ бол маш буруу, хүйсээр ялгаварласан ойлголт” хэмээн Лорен хэлсэн юм. 

Нийгмийн дарамтыг олж таньсан ч гэсэн сэтгэл зовнил нь бүрэн арилахгүй л байлаа. “Би ер нь хэзээ ч өөртөө таарсан хүнийг олохгүй юм байна л даа?” HuffPost-д өгсөн ярилцлагадаа Лорен “Би 20 насныхаа дийлэнхийг ингэж өөрөөсөө асууж, сэтгэлээр унаж өнгөрөөсөн.” гэлээ. 

Гэвч тэр ганцаараа биш, мянганыхан буюу миллениалууд гэрлэх нь улам л хойшилж, гэр бүл, хайр дурлалаас илүү сексийн харилцаа л сонирхох болсон. Тал нь ийм байхад нөгөө хэсэг нь урт хугацааны, үнэнч хайр хүсдэг ч тохирох хүнээ олж чаддаггүй. 

Мэрилэндийн сэтгэл засалч Дэбора Дулей “Бид ганцаараа байхдаа л өөрийгөө таньж, зорилго, хүсэл эрмэлзлээ олдог болохоор ганц бие байдлыг жигшиж болохгүй” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Нийгэмд ганц бие байдлыг ямар нэг тааламжгүй зүйлээс үүссэн үр дүн гэж үздэг хандлага бий. Ганц бие хүнийг “Энэ өөрөө болдоггүй болохоор л ганц бие байгаа юм”, “Аятайхан хүн байсан бол хэдийнэ эхнэр, нөхөртэй болчихсон л байгаа” гэх мэтээр шүүмжлэлтэй хардаг. Надаар үйлчлүүлдэг 20 насныхаа сүүлд, 30 насандаа яваа эмэгтэйчүүд ч “Би хангалттай биш бололтой”, “Би найз охин байхад тохиромжтой хүн биш бололтой” гэж гомдоллодог” хэмээн туршлагаасаа хуваалцлаа. 

Танд ганц бие байгаадаа харамсдаг үе байдаг уу? Энэ хямралыг хэрхэн туулж гардаг вэ? Хэрэв танд багахан тусламж хэрэгтэй байвал Доктор Дулей болон бусад сэтгэл судлаачийн үйлчлүүлэгчиддээ өгдөг зөвлөгөөнөөс тоймлон хүргэе ээ.

1# Нөхөрлөлдөө хөрөнгө оруул


Хүн гэдэг амьтан байгалаасаа л харилцаа эрэлхийлэх зан чанартай. Иймд ямар нэг харилцаанд орох шаардлага үүсвэл өөрөөсөө “Харилцааны энэ хүслийг өөрөөр яаж шийдэх вэ?” гэж асуугаад үз. Баасан гарагийн орой гэгэлзээд байвал эгчтэйгээ хоолонд орж, хүрэлцэх мэдрэмж авмаар бол сайн найздаа тэврүүлээд үзээрэй. 

Далласын сэтгэл судлаач Лиз Хиггинс “Романтик харилцаа хүсэх буруу зүйл биш. Гэхдээ яарч буруу хүн сонгох ч зөв зүйл биш. Иймд өөрийгөө шархлуулахгүйгээр эрүүл харилцаа хүртэх олон арга байдгийг санаарай. Ийм нөхөрлөлийг барьж босго” гэлээ. 

2# Ирээдүйгээ бүү зөгнө


Сэтгэлээр их унасан үед 35-40, магадгүй 50, 60 хүрсэн ч ганц бие хэвээр байгаагаа төсөөлж, хямрах амархан. Сэтгэцийн эрүүл мэнд, гаргалгааны тухай ойлголт, мэдлэг олгодог All Along хөтөлбөрийг санаачлагч, Чикагогийн сэтгэл засалч Рейчл Казец зөвхөн өнөөдөртөө л санаа зовохыг үйлчлүүлэгчиддээ зөвлөдөг. 

"Цагийн юм цагтаа. Ирээдүй бидэнд юу авчрахыг тааж хэлшгүй. Одоогийн мэдрэмжийг л мэдэр. 20 жилийн дараачид зовниж стресс нэмэх хэрэггүй. 

3# Болзохоо бүү зогсоо

Хэрэв та болзооноос бүрмөсөн залхсан бол энэ зөвлөгөөг хүлээж авахад хүндрэлтэй байх болов уу? Гэвч найдвар төрүүлсэн анхны болзоонд явахаа зогсоож болохгүйг сэтгэл судлаач Кристин Цейзинг зөвлөж байна. 

Хонг Конгд ажилладаг тэрбээр "Тухгүй санагдаж байсан ч "зах зээл"-д оролцох хэрэгтэй. Төгс тохирсон хүн чинь биш байсан ч уулзаад үз. Дуртай болон дургүй зүйлсээ илүү нарийвчилснаар хүнийг танихад хялбар болно. 

4# Сонирхол нэгтэй хүмүүстэй нэгд

Болзохоос гадна өөртэйгөө ижил сонирхолтой хүмүүстэй нэгдэж, эсвэл курс хичээлд ч бүртгүүлээд үз. Насны ханьтайгаа учрахгүй байлаа ч танд тохирох нэгний мэдэх найзтай болох ч юм бил үү. 

5# Ганц бие байж болохгүй гэх нийгмийн хүлээлтийг бүү тусга

Хэрэв та эмэгтэй хүн бол яарах сэтгэл чинь эмэгтэйчүүд заавал хүнтэй суух ёстой гэсэн нийгмийн хүлээлттэй холбоотой. Нийгэм бүсгүйчүүдийг гэрлэлт, гэрлэлтэд чиглэсэн ирээдүйн төлөвлөгөө, зорилго тавихыг шаарддаг. 

Энэ явцуу сэтгэлгээнд хууртаж, өгөөш нь болж болохгүй. Үүний оронд бие даасан байдалдаа төвлөр. 

"Надаар үйлчлүүлсэн маш олон ганц бие эмэгтэй жил ирэх тусам хувь хүнийхээ хувьд асах их хөгжсөн. Улмаар өөртөө итгэх итгэл, өөрийгөө хүндлэх нь нэмэгдэж, эр хүнээс хүлээх зүйл, хүртэх ёстой хайр халамж зэргээ сайн мэддэг болсон" хэмээн доктор Кристин ярьлаа.