Та тэр болгон хүнтэй ам мурийж, зөрчилдөөд байдаггүй ч гэсэн зарим тохиолдолд дуугүй өнгөрөх нь эргээд танд хор уршиг учруулдаг.

Та хэнтэй ч муудалцахгүй, хүмүүст төвөг удахгүйгээр урдах ажлаа хийж, гэр бүлээ хайрлаж, найз нөхөдтэйгөө уулзангаа мөрөөрөө амьдрахыг хичээдэг. Ийм учраас л хэн нэгэнтэй буруу зөвөө ололцож, сав л хийвэл бусдыг буруутгаад байхыг хүсдэггүй. Таныг хүн бүр амар, дуугүй хүн гэж боддог байх. Гэхдээ ийм байх нь танд өөрт чинь ашиг тустай байж чадах болов уу? Эргэлзээтэй...

Дараах 5 нөхцөл байдал үүссэн тохиолдолд та заавал өөрийгөө хамгаалах хэрэгтэй! 


Таныг өвтгөөд байвал 

Сэтгэл зүрхийг тань шархлуулах биш, биеийг тань өвтгөх үйлдэл хийж байвал шүү дээ. Автобусанд явж байхад хэн нэгэн хөл дээр чинь гишгэхэд та энэ тухай хэлдэг үү? Эсвэл нөхөртэйгөө орондоо байхад тэр таныг өвтгөөд байвал энэ тухай хэлдэг үү? Эсвэл үйл явцыг таслахгүйг хичээж чимээгүй тэвчдэг үү?

Эрэгтэй хүн далдыг харагч биш шүү, тэр таныг өвтгөөд байгаагаа өөрөө үнэхээр мэдэхгүй байгаа байх. Өвдөж байна гэдгээ шууд хэлж бай. Хэрэв тэр танд хайртай бол ойлгож, аядуу зөөлөн байх болно. Хэрэг үгүй бол ... танд тийм хүн хэрэгтэй гэж үү? 


Таныг санааныхаа зоргоор удирдаж байвал 

Найз чинь хүссэн юмаа авахын тулд л танд тал засаж, зусардаж байна гэдгийг мэдсээр байж дуугүй байгаад байвал найзынхаа нүдэнд тэнэг хүн шиг харагдаж, өөрөө өөртөө хохирогч юм шиг санагдаж эхэлдэг. Бүгд л таныг хүссэнээрээ ашигладаг, та харин дотроо шаналдаг мэт...

Та тэнэг хүн биш, яах гэж энэ бүх зусрыг яриад байгааг мэднэ гэдгээ тэр хүнд шууд хэлж бай.


Таны хүсэл, хэрэгцээг үл тоож байвал 

Өдөржин ажиллаад ядарсан гэдгийг чинь мэдсээр байж гэрийнхэн чинь өдрийн 3 хоол, цэмцийсэн гэр, индүүдсэн хувцас нэхээд байна уу? Та дуулгавартай гэг чин хоол хийж, муужирч унахын наагуур угаалгын өрөөгөө цэвэрлэж байхад ч гэсэн таны хүч, хөдөлмөрийг хэн ч үнэлэхгүй. Үй түмэн үүрэгтэй, ямар ч эрхгүй хүн – нэг үгээр боол шиг харьцаад байвал та үүнийг хэрхэвч тэвчиж болохгүй! 


Таныг хуурч байвал 

Та өсвөр насны хүүхдээсээ тамхины үнэр ханхлахыг эсвэл шалгалтын дүнгээ балласан байхыг нь анзаараагүй юм шиг царайлж болно. Гэхдээ хайртай, дотны хүн чинь таныг хуураад байвал энэ бүхний цаана ямар нэгэн асуудал байгаа гэсэн үг. Энэ тухай бодож, хамтдаа ярилцах хэрэгтэй. 

Муу дүн авсан гэдгийг нь мэдээд таныг хайрлахаа больчихно гэж хүүхэд чинь бодоод байгаа юм биш биз? Хууран мэхлэлт гарч байна гэдэг нь харилцаанд асуудал үүссэн болохыг илтгэж байдаг. Асуудлыг үл тоон, чимээгүй өнгөрч болохгүй.


Таны дургүй зүйлийг чинь хүчээр хийлгээд байвал 

Хүн бүрт зарчим байдаг. Зарчимаа зөрчсөн тохиолдолд хүн өөрөө өөрийгөө хүндлэхээ больдог. Энэ маш ноцтой асуудал шүү! Зарчимд үл нийцэж байсан ч даргынхаа тушаалыг үг дуугүй дагаад байвал та сайн ажилтан гэх нэр зүүх ч гэсэн өөрөө өөрөөсөө ичих бус уу?

Магадгүй, хэн нэгэн таны хувьд байж боломгүй зүйл хийхийг танаас ятгаж, оронд нь шан харамж амлаж байж магадгүй. Гэхдээ дараа нь та өөрийгөө хүндлэх сэтгэлгүй болбол цаашид яаж амьдрах билээ?