Манай сайтын нийтлэлч Германы Эрфурт хотоос бичиж байна. Батчулууны Чимэдлхам "Хүмүүн" номын редакцийн эрхлэгчээр ажилладаг. Өдгөө Германы Эрфурт хотод амьдарч суралцаж байна.

Сурган хүмүүжүүлэх, боловсрол судлалаар германд суралцахын тулд би олон замыг туулсаар ирсэн. Сургуульд орох эрхээ авчихаад семестэртээ бэлдэж суухад төсөөлөхийн аргагүй баяр баясгалан төрнө. Хэлний курс, коллеж, их сургуулийн лекцийн танхимд олон багш нарыг хараад тэднээс суралцаж, багшийн ёс зүй, сахилга батаас оюутан хүний итгэл үнэмшил, нийгмийн шударга байдал төрөн гардгийг олж мэдэж байна.

Улстөрийн хичээл дээр үргэлж 0,7 оноо буюу 100 авдаг эмиратын оюутан нэгэн оюутны өмнүүр орж би энэ хариултыг мэднэ. Энэ талаар би ярьмаар байна гээд тэр оюутны ярьсныг буруутгаж хэлэхэд хатагтай Лауданбах "Таныг сайн сурч байгаад би баяртай байна. Энэ бол таны л дүн юм. Ингэснээр та бусдын өмнүүр орж би гэх эрхгүй. Тэр оюутан ярьж дуусаагүй байна. Хэрвээ та бусдыг хүндэтгэхгүй байгаа бол оюутан гэх нэрийг зүүх эрхгүй." гэж шулуухан хэлж билээ. 

Дараа нь гадаад оюутнууд шалгалтын өмнөхөн "Эх орноосоо авчирсан сувинер танд" гээд өгөхөд "Надад биш манай коллежид өгч байна гэж ойлголоо. Та нар бэлгэнд биш хичээлдээ илүү анхаараарай" гээд сургуулийнхаа танхимд өлгөсөн. Багш нар хээл хахууль, мөнгө төгрөг, бэлэг сэлт авдаггүй, үзэмж харж оноо өгдөггүй газар сурахад хичээж авсан өөрийн оноондоо баярлаж уйлах үе энүүхэнд.

Тэдний хувьд багшийн тангараг, нэр төр маш эрхэм. Германд багш болох амаргүй. Олон даваа давж, олон жил сурна, улсын олон шалгалт өгч эрхээ авна. Багшийн цалин тийм ч өндөр биш. Гэвч тэд багш нэрээрээ бахархдаг. Тэд өөрсдийгөө нийгмийг эрүүлжүүлэгч, гэгээрүүлэгч, сайн сайхан руу чиглүүлэгч гэж үздэг. Багш нар энд жинс, подволька эсвэл пүүз, нилээд хуучирсан гэмээр том том цүнхнүүд үүрэн алхаж, дугуй унаж явцгаана. Германд багш нарын хамгийн том гангараа нь хувцас, унаа, үнэт эдлэл, утас биш харин тэдний бичсэн ном, судалгааны ажил, оролцсон төслүүд нь байдаг.

"Бидний тавьдаг дүн оюутан таныг өөрийгөө бодитоор дүгнэхэд тусалж, өөрийн алдаагаа олж харах, засах боломж олгож, ингэснээр сургуулийнхаа чанартай сургалтыг баталгаажуулж, нийгэмд шударга ёс бий гэдгийг оюутанд сануулж байдаг" гэж профессор Розенберг хэлж билээ.