Истамбул дахь Саудын Арабын Ерөнхий консулын газар амиа алдсан сэтгүүлч Жамаль Хашоггийн нас барахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үгийг Туркийн “Daily Sabah” сонины сэтгүүлч Назиф Караман дэлгэжээ. Сэтгүүлч Хашоггийн хэлсэн сүүлчийн үгс нь түүнд эрүү шүүлт хийж байсныг нотлох дуу бичлэгт тэмдэглэгдэн үлдсэн байна.

Бичлэгт тэрбээр амиа алдахынхаа өмнө “Амьсгаа давчдаад байна... Толгойноос минь энэ уутыг аваач, би клаустрофобитай/давчуу орон зайнаас айх айдас/” гэж хэлжээ.

Караманы хэлснээр, аллага 7 минут орчим үргэлжилсэн нь дуу бичлэгээс сонсогдож байжээ. Сануулан дурдахад, сэтгүүлч Жамаль Хашогги өнгөрсөн сарын 2-нд Истамбул дахь Саудын Арабын Ерөнхий Консулын газрын байранд орсноосоо хойш ор сураггүй алга болсон юм. Хожим нь мэдээлснээр, ерөнхий консулын газрын ажилтнуудтай маргалдсаны улмаас тэрбээр амиа алдсан гэдгийг Саудын Арабын эрх баригчид хүлээн зөвшөөрсөн юм. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, АиФ