ЕБС-иудын дунд “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааныг Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академиас зохион байгуулах гэж буй талаар тус холбооныхон өнөөдөр мэдээлэл хийлээ.

Сурагчдын олимпийн боловсролыг дээшлүүлэх, бие бялдрын хүмүүжил олгож спортод сонирхолтой болгох, өөрийгөө нээн хөгжүүлэхэд туслах зорилготой тус болзолт уралдааныг 21 аймаг, нийслэлийн бүх дүүргийн ЕБС-иудад 11 дүгээр сарын 01-нээс 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэлх хугацаанд зарлах юм.

Тэмцээнийг хоёр үе шаттай явуулах бөгөөд эхний шатанд сургууль тус бүр багш, сурагчдынхаа дунд "Олимпийн өдөрлөг" зохион байгуулна. Өдөрлөгийн хүрээнд олимпийн талаарх мэдлэг дээшлүүлэх шүлэг, эссэ зэрэг бүхий л төрлийн уралдаан,дугуйлан болон спортын таваас доошгүй төрлөөр тэмцээн зохиосон байх шаардлагатай. 

Хоёрдугаар шатанд олимпийн өдөрлөг зохион байгуулалт, оролцоо зэргээрээ аймаг, дүүргээсээ шалгарсан шилдэг 30 сургууль оролцоно. Шалгарсан сургуулиудын дунд дахин уралдаан зарлаж, нарийн шүүлтүүр судалгаатайгаар шилдгийн шилдэг сургуулийг тодруулах аж.

Хоёрдугаар үеийн шилдгийн шилдгээр шалгарсан нэг ЕБС-ийн захирал, биеийн тамирын багш, аймаг дүүргийн олимпийн зөвлөлийн дарга, арга зүйч, Боловсрол соёлын газрын дарга, биеийн тамир спортын газрын дарга нарыг ирэх онд Индонезийн Жакарта хотод болох "Жакарта-2018" Азийн зуны олимп үзэх эрхээр шагнах юм байна.

Шилдэг сургуулиудыг шагнаж урамшуулахаас гадна, мөн сурагчдын шилдэг багт Олон улсын хүүхдийн зусланд амрах эрх олгохоор болжээ.