Австралийн Гадаад хэргийн сайд Жюли Бишопын энэ долоо хоногт Малайзад хийх айлчлалын үеэр монгол орчуулагч Ш.Алтантуяагийн амийг зэрлэгээр хөнөөсөн Сирул Ажар Умарыг Малайзын талд шилжүүлэн өгөх асуудлаар хэлэлцэнэ гэж тус улсын Ерөнхий сайд Махатир Мохаммад мэдэгдлээ.

“Уг асуудалд Австрали ямар байр суурьтай байгааг мэдмээр байна. Австралийн Гадаад хэргийн сайдтай хийх уулзалтаар энэ асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөгүй. Гэхдээ би үүнийг хөндөж, тус улсын байр суурийг мэдэхийг зорино” гэж тэрбээр өнөөдөр өгсөн ярилцлагадаа дурджээ.

Австралийн Гадаад хэргийн сайд Жюли Бишоп энэ долоо хоногийн мягмар гарагаас пүрэв гарагийн хооронд Малайзад дипломат айлчлал хийх ажээ.

Сирул Ажар Умарт цаазын ял оноосон нь түүнийг Малайзад шилжүүлэн өгөхөөс татгалзахад хүргэсэн байж болох юм гэж Махатир Мохаммад өмнө нь мэдэгдэж байсан билээ.

2006 оны 10 дугаар сард Куала Лумпур хотоос холгүй орших ой модон дундаас Ш.Алтантуяагийн цогцсыг олдож, мөрдөн байцаалтын явцад цагдаагийн албан хаагч байсан Азилла Хадри болон Сирул Ажар Умар нар бүлэглэн түүний амийг зэрлэгээр хөнөөсөн нь тогтоогджээ. Улмаар 2009 онд хоёр хэрэгтэнд цаазын ял оноосон боловч 2013 онд давж заалдах шатны шүүх хоёр хэрэгтний ялыг хүчингүй болгосон байна. Гэвч үүний дараа уг хэргийг Малайзын Дээд шүүх дахин сэргээжээ.

Харин Малайзын цагдаагийн газар зургадугаар сард мэдэгдэл хийхдээ, Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажиллагааг дахин эхлүүлсэн гэсэн байна.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг