"Монгол телевиз"-ийн "Шарк танк" нэвтрүүлгийн содон өнгө төрхийн нэг бол яах аргагүй шүүгч Г.Амартүвшин. Банкир гэхэд албаны стильд баригддаггүй, байнга эрээн оймсоор гангарч олны анхаарал татдаг түүнийг Хас банкны ерөнхий захирал гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Тэгвэл тэрбээр "Хас"-аар овоглогдохоосоо өмнө Казахстан улсын арилжааны томоохон банкинд ерөнхий захирлын хариуцлагатай албыг хашиж байжээ.

 Мөн өмнө нь ABN AMRO банкинд Европын газрын тос, шатдаг хий, эрчим хүч, харилцаа холбооны томоохон гүйлгээг хариуцаж байсан туршлагатай банкир юм. "Шарк танк"-ийн шүүгчдээс хамгийн голыг нь оносон үнэтэй зөвлөгөөг бизнес эрхлэгчдэд өгдөг энэ эрхмийг Харвардын их сургуульд бизнесийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан анхны монгол залуу гэдэг юм билээ. Харин түүнийг билгүүн номч Б.Ринченгийн охин Индра докторын хүү нь гэдгийг нь мэдэх хүн цөөн. Сайн хүний үр, сүүт унага гэгчээр түүний аав нь ч дипломат албанд олон жил зүтгэсэн зангарагтай дипломатч Ганибал ажээ.


Аав ээжийн буянаар багаасаа  өрнөдийн соёлтой багаасаа танилцсан тэрбээр дугуйн спортын сонирхогч тамирчин юм. Бүр мэргэжлийн зэрэгтэй бөгөөд хоббигоороо "Tour de France" тэмцээнд оролцож байсан ажээ.