Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхэд багачууддаа зориулан "ШИДЭТ АЛЧУУР” адал явдалт хүүхдийн жүжгийг тоглохоор болжээ.

Зохиолч В.Губаревын зохиолыг энэ удаа МУГЖ С.Сарантуяа найруулж тайзны бүтээл болгож байгаа юм. Ирэх сарын 1-нд Корпорейт Конвейншн Центрт тоглогдох уг жүжгийн дараа гол баатрууд нь хүүхдүүдэд бэлэг өгөх ажээ.

Жүжигт Воря хүү гэрийн ажлаа хийж, хичээл номоо давтахын оронд далайн дээрэмчдийн тухай “Халтар нохой ба түүний нөхөд” хэмээх адал явдалт номонд дурлах болсон тухай гардаг.
Нэг өдөр Ворягийн найз Юра, Мила хоёр тэднийд ирж түүнийг гэрийн даалгавараа хийхийг ятгасан боловч Воря эмээгээсээ өвлөж авсан шидэт алчууртай байгаа цаг хүссэн бүхнээ хялбархан биелүүлчихнэ гээд тэдний үгэнд нь орсонгүй. Түүнд шидэт алчуур байгаа гэдэгт хоёр найз итгэхгүй болохоор Воря далайн дээрэмчдийн байдаг эзгүй арал дээр Юра, Мила хоёрын хамтаар очихыг хүслээ. Ингээд тэд эзгүй аралд ирснээр адал явдалт аялал эхэлнэ.