Peak.mn
03 сарын 14, 2022
"Шинэ сэргэлтийн бодлогыг Аж үйлдвэрийн салбарт эрчимжүүлэх нь" форум хөгжлийн төслүүдийг хэлэлцэв
Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага болгон өнгөрсөн онд "Эрдэнэт үйлдвэр"-ийн үр шимийг хүртэж, цахилгаан, дулаан, ус хангамж, хог хаягдлын төлбөр, хураамжаа даалгуулсан. Үүнд нийт нэг их наяд төгрөгийг тус үйлдвэр зарцуулжээ. Цар тахлын амаргүй цаг үед иргэн, аж ахуйн нэгжийн нуруун дээрх их ачааг "Эрдэнэт үйлдвэр" хөнгөлж, улс болон орон нутгийн төсөвт 1.2 их наяд орчим төгрөгийг төвлөрүүлсэн билээ.
Тодруулбал, хоногт 8.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 3.3 тэрбум төгрөгийг улс болон орон нутгийн төсөвт бүрдүүлж байжээ. Үүнийг бүтээгдэхүүнээр авч үзвэл, хоногт 90 мянган тонн хүдэр олборлож, 89.5 мянган тонн хүдэр боловсруулж иржээ. Эдгээр нь 2021 оны "Эрдэнэт үйлдвэр"-ийн үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлт юм.
Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хурдасгах, эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэхэд "Эрдэнэт үйлдвэр" түүхэн үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. Үүний эхлэл болж, Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд "Шинэ сэргэлтийн бодлогыг Аж үйлдвэрийн салбарт эрчимжүүлэх нь" форумыг "Эрдэнэт үйлдвэр" санаачлан энэ сарын 11-нд зохион байгууллаа.
Аж үйлдвэрийн шинэ хуудсыг нээсэн Эрдэнэт хотоос "Шинэ сэргэлтийн бодлого"-ын анхны хэлэлцүүлэг үндсэндээ эхэллээ. Форумд Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, МҮХАҮТ тэргүүтэй төр, хувийн хэвшлийн төлөөлөл ирж оролцлоо. Монголын эдийн засгийн чуулгантай хэлбэр, агуулга, оролцоо, цар хүрээний хувьд дүйцэхүйц хэмжээний бодлогын хэлэлцүүлэг болж, хууль эрх зүйн орчны шинэчлэл, хөгжлийн төсөл, хөтөлбөр, түүний хэрэгжилтийг хангах талаар бүтэн өдрийн турш үндсэн илтгэл болон хэлэлцүүлэг өрнүүллээ.
Цар тахлын дараах хамгийн том хөгжлийн хэлэлцүүлэг гэхэд хилсдэхгүй.
Эдийн засагт эрс шинэчлэл авчрах зорилт дэвшүүлсэн, улс орны хөгжлийг дараагийн шинэ шатанд гаргах учиртай "Шинэ сэргэлтийн бодлого" эхний үе шат 2025 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хооронд аж үйлдвэрийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр байгаа.
Төслүүд урагшилж байж л түүхэн боломжууд гарч ирнэ. Экспортыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингээх, ажлын байр олноор бий болгох, эдийн засгийн өрсөлдөх чадварыг ахиулах, орлогын шинэ эх үүсвэрийг төрөлжүүлэх хариуцлагатай үүрэг, даалгавар томоохон төслүүдэд ногдож таарна. Тийм учраас "Шинэ сэргэлтийн бодлого"-ын тэргүүн зорилт нь хөгжлийн төслүүдийг хөдөлгөх явдал билээ.
Аж үйлдвэрийн төслүүдээ амьдралд хэрэгжүүлж, бодит ажил болгосноор ард иргэдийн ахуй амьжиргаа сайжрах, ажилгүйдэл, ядуурал буурах, шинэ салбарууд сэргэлт аван хөгжих юм. Төслүүдийг түүчээлэх санаачилга "Эрдэнэт үйлдвэр"-ээс эхэлж байна.
Сайн мэдээ гэвэл, 43 жилийн түүхтэй "Баатар үйлдвэр" дахиад цаашаа 60-70 жил хэвийн ажиллах хэмжээний нөөцийг олж илрүүлж, улс орны эдийн засгийг тэтгэх үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхээр болсныг "Эрдэнэт үйлдвэр" ийн Ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х. Бадамсүрэн "Шинэ сэргэлтийн бодлогыг Аж үйлдвэрийн салбарт эрчимжүүлэх нь" форумын индрээс мэдэгдсэн юм.
Эрдэс баялгийн нөөцөө олж тогтоох, илрүүлэх ажил 2017 оноос эхэлсэн бөгөөд үүний геологи хайгуулын ажилд нийт 30 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хүдрийн нөөцөө нэмэгдүүлснээ баталгаажуулж, геологийн болон ашиглалтын нөөцийг шинэчилжээ.
“Эрдэнэт үйлдвэр” 2021 онд 36 сая тонн хүдэр олборлож, үүний 32.6 сая тонныг боловсруулсан байна. Ингэснээр 576.6 мянган тонн зэсийн баяжмал, 6.3 мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэсэн нь 43 жилийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Хоёр дахь сайн мэдээ гэвэл. 3.1 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, борлуулалтын 1 төгрөгт ногдох зардлыг 56 мөнгө болгон бууруулсныг "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа онцолсон юм.
Улсын болон орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлтэд оруулж буй хувь нэмрээрээ Эрдэнэт үйлдвэрийн нэг ажилтан 2017 онд дунджаар 97.4 сая төгрөгийн баялаг бүтээж байсан бол 2021 онд 170 орчим сая төгрөг болж, 1. 7 дахин өссөн байна.
Гурав дахь сайн мэдээ нь "Шинэ сэргэлтийн бодлогыг Аж үйлдвэрийн салбарт эрчимжүүлэх нь" форумтай шууд холбогдож байгаа юм. "Эрдэнэт үйлдвэр" 2024 он хүртэл нийт 22 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Эдгээр төслийн 3 нь дэд бүтэц, 8 нь үндсэн үйлдвэрлэлийн өргөтгөл, шинэчлэл бол 6 нь нийгмийн хөгжлийн, үлдсэн шинээр хэрэгжүүлэх төслүүд аж.
Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах цогцолбор төсөл “Шинэ сэргэлтийн бодлогыг Аж үйлдвэрийн салбарт эрчимжүүлэх нь" форумын гол сэдвийн нэг байлаа. Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах үйлдвэр, Фосфорын бордооны үйлдвэр, Дагалдах бусад химийн үйлдвэр барьж байгуулахаар болсныг дуулгая. Төслүүдийн нийт санхүүжилт нь 2 орчим тэрбум ам.доллар бөгөөд үүний 50 хувийг "Эрдэнэт үйлдвэр" өөрийн орлогоос санхүүжүүлэх бол үлдсэнийг нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах замаар бүтээн байгуулах аж.
"Шинэ сэргэлтийн бодлого" аж үйлдвэрийн салбарт тулгуурлаж, эндээс олсон ашиг, орлогоор эдийн засгийн тэлэх төслүүдийг хэрэгжүүлж, нэг хүнд ногдох орлогыг 6250 ам.долларт хүргэх юм.
УИХ-аар баталгаажсан, төрийн бодлого болж, улс орны дунд хугацааны хөгжлийг зурагласан “Шинэ сэргэлтийн бодлого"-ыг Аж үйлдвэрийн салбарт эрчимжүүлэх их ажил Эрдэнэт хот, "Эрдэнэт үйлдвэр"-ээс ийнхүү эхэллээ.
Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгийн тодорхойлсноор, Аж үйлдвэрийн салбарт "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хоёр зуун дамжин үйл ажиллагаа явуулж байгаа "Эрдэнэт үйлдвэр" чиглүүлэх, хүний нөөц, арга туршлага, шинжлэх ухааны ололт гээд түүчээлэн оролцох боломжтой төдийгүй хүнд, хөнгөн аж үйлдвэрийн төв цэг нь билээ.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг төр, хувийн хэвшил хамтарч хэрэгжүүлнэ. Түүнээс төр дангаар хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх боломжгүй. Тиймээс хувийн хэвшилд түшиглэн, харилцан ашигтай хамтын ажиллагааны үр дүнд эдийн засгийг хоёр дахин тэлэх төслүүд хөдөлгөх юм.
"Шинэ сэргэлтийн бодлогыг Аж үйлдвэрийн салбарт эрчимжүүлэх нь" форумд оролцсон МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэлцүүлгийн үеэр "Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх эхний зорилт нь аж үйлдвэрийг хөгжүүлэх бөгөөд үүнийг дагаад эрчим хүч, дэд бүтэц, бусад салбар хөгжинө. Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засаг тэлэхэд аж үйлдвэржилт голлох үүрэгтэй. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр” санаачилга гаргаж, аж үйлдвэржилтийн асуудалд онцгой ач холбогдол өгч байгаа нь цаг үеэ олжээ” хэмээн дүгнэсэн юм.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.187.233] ・ 2022.03.14 Хариулах
dahiad hunguluh uu
Зочин [66.181.187.233] ・ 2022.03.14 Хариулах
их нэмр блсон шүү
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь