ШИНЭ ДЕЛИ. /TASS/. Шри Ланка улсад өнгөрөгч ням гарагт болсон цуврал дэлбэрэлтийн улмаас гадаадын 30 иргэн амиа алдсан тухай тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.


Тус яамны мэдээллээр, цуврал халдлагын үеэр Бангладеш, Франц, Япон, Нидерланд, Португал болон Испани улсын тус тус нэг иргэн, БНХАУ, Саудын Араб болон Туркийн тус тус хоёр иргэн, Энэтхэгийн найман иргэн, Их Британийн зургаан иргэн, мөн Америк болон Их Британийн иргэншилтэй хоёр хүн, Шри Ланка болон Австралийн иргэншилтэй хоёр хүн амиа алдсан байна.


Үүнээс гадна, сураггүй болсон гадаадын өөр 14 иргэн хэн болохыг нь тогтоогоогүй байгаа хохирогчдын дунд байж магадгүй байна. Цуврал халдлагын үеэр гадаадын 17 иргэн шархадсан бөгөөд Коломбо хотын эмнэлгүүдэд хүргэгджээ. Амиа алдсан болон шархадсан хүмүүсийн жагсаалтыг дахин нягталж магадгүй байна. Амиа алдсан хүмүүсийн нэг нь Америк болон Германы паспорттой байсан тухай Германы Гадаад хэргийн яам урьд нь мэдээлжээ.


Шри Ланкагийн түүхэн дэх хамгийн цуст цуврал халдлагыг дөрөвдүгээр сарын 21-нд гарсан билээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, цуврал халдлагын улмаас 290 хүн амиа алдаж, 500 орчим хүн шархаджээ. Тус улсын Коломбо, Негомбо болон Баттикалоа хотод найман дэлбэрэлт болсон юм. Цуврал халдлагыг Шри Ланкагийн иргэд болох амиа золиослогчид үйлдсэн гэж тус улсын эрх баригчид мэдээлсэн байна.


Цуврал халдлагын ард "Жамаат ат-Таухид аль-Ватания" /“Үндэсний эв нэгдэл”/ бүлэглэл байгаа гэж телевизийн “Al Arabiya” сувгаар мэдээлсэн байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг