Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмж, ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн нэмж олгох шийдвэрийг гаргасан. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ сайд С.Чинзориг "Судалгаагаар эрүүл мэндийн ажилтан, багш нарын дундаас сувилагч, бага анги, цэцэрлэг, тусгай боловсролын багш нар хүнд нөхцөлд ажилладаг хэрнээ бага цалин авдаг нь тоштоогдсон. Тиймээс цалингийн хэмжээг тэгшлэх зорилгоор цэцэрлэгийн багш нарын цалинг 20-30 хувь, дээр дурьдчсан чиглэлийн багш нарын цалинг 14 хувиар тус тус нэмнэ. Мөн соёл урлагийн салбарынхан төрийн үйлчилгээний бусад ажилчдаас бага цалин авч буй учир тус салбарын ажилчдын цалинг 12.5 хувиар нэмж олгохоор тогтоод байна.

Цалин нэмэгдүүлэх энэхүү арга хэмжээнд төрийн албан хаагчдын 92.4 хувь буюу 173.1 мянга нь хамрагдах бол тэдний 145 мянга нь 8 хувь, үлдсэн 28.200 нь албан тушаалын зэрэглэл, ажлын байрны үнэлгээ зэргээс шалтгаалан 12.5-30 хүртэлх хувиар цалингаа нэмэгдүүлж авах юм" гэдгийг хэллээ.

Мөн тэрээр "Засгийн газар бүх боломжоо ашиглан цалингийн асуудалд анхаарал хандуулж, энэ удаад дээрх хэмжээнд төрийн албан хаагчдын цалинг нэмж байна. Тиймээс эрүүл мэндийн ажилтнууд болон багш нар ажил хаяна гэж олон түмнийг бусниулах байдалд хүрэхгүй байх гэж найдаж байна" хэмээв.

Мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.