УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд нас барсан хэрэгтэй холбогдуулан талийгаачийн хүү, охин болон өмгөөлөгч нь өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр талийгаачийн ууган хүү Б.Ганхүлэг "Бид гэр бүлээ төлөөлж, уг хэрэгтэй холбоотой хамгийн анхны мэдэгдлийг хийж байна. Өнгөрсөн 8 сарын хугацаанд маш тэвчээртэй ажиглалаа. Энэ урт хугацаа бидэнд болон өвөө, эмээ, ээжид минь нэлээд хүнд өнгөрч байна. 4 настай хамгийн бага дүү минь бэтгэрээд, хоол ундаа идэхгүй, дуугарахаа байлаа. 

2019 оны 5 дугаар сарын 17 бидэнд маш том хар толбо үлдээсэн өдөр байлаа. Цоо эрүүл аав минь өглөө гэрээсээ гараад ажилдаа явсан. Өдөр нь Төрийн ордонд Ажлын хэсгийн хуралтай байсан. Төрийн хамгаалалттай, төрийн тусгай газарт ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж явж байгаад буцаж гарч ирээгүй. Бид үүнийг яах аргагүй гадны нөлөөтэй гэж үзэж байгаа. Өндрөөс унасан гэж байна. Баруун нүд нь хөхөрч хавдсан байсан. Зүүн талаараа унасан байгаа ч унасан талынх нь нүд яагаа ч үгүй байна. Хүзүүн дээр нь гарсан улайлт заамдалтын улмаас үүссэн байх. Өндрөөс унасан хүний хүзүүн дээр заамдалтын улайлт гарна гэдэгт би итгэхгүй байна. 

Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын дэд дарга, УИХ, Засгийн газрын гишүүн 3 удаа хийж байсан хүн ажлын цагаар Төрийн ордон дотор амь нас алдчихлаа. Ийм хэрэг гараад 8 сарын хугацаа өнгөрчихөөд байхад ямар ч шийдэл гарсангүй. Гэтэл гудамжинд алхаж яваа жирийн иргэд бидэнд амьд явах баталгаа байна уу. Жирийн иргэдэд ийм хэрэг тохиолдвол шударга, хурдан шийдвэрлэж өгөх үү, би ойлгохгүй байна. 

Гэхдээ хуулийн байгууллага аавын минь хэргийг хурдан, үнэн зөв шийдэж өгнө гэдэгт бид итгэл алдраагүй хүлээж байгаа" хэмээлээ.

Мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.