Мэдээж хэнд ч бусдыг гүтгэн доромжлох эрх байхгүй. Харин алив зүйлд шүүмжлэлтэй хандаж, үг хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь хэн бүхэнд нээлттэй. Тэртусмаа чөлөөт сонгуулиар бүрэлдсэн төрийн эрх барих байгууллага, Засгийн газрын төлөөлөл, улстөрчдийг олон нийт ил тод, нээлттэй байдлаар шүүмжилж, хяналт тавьж, үзэл бодлоо илэрхийлэх нь Ардчилсан оронд хэвийн, эрүүл үзэгдэл.

Харин манай улстөрчид ийм шүүмжэд их эмзэг. Тийм ч болохоор аль болох иргэдийн үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хаан боогдуулж, алив шүүмжээс ангид байх нь эрх баригчдын “далд”-ын хүсэл байдаг. Энэ хүслээ гүйцээх нэг боломж нь хуулиар далайлгаж, олон нийт болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн амыг хамхих арга.

Ийм нэг заалтыг хавчуулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад байна. Өнгөрсөн оны 5-р сард өргөн барьсан энэ хуулийн төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн. Мөн УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлээд байгаа юм. 

Тодруулбал, энэ хуулийн 13.15 дугаар зүйлд “Доромжлох” гэмт хэргийг нэмж “Хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тусгаад байна. 

Мэдээж хэнд ч бусдыг доромжлох эрх байхгүй. Энэ талаас нь харвал уг хуулийн заалт ямар ч өө сэвгүй. Гэвч “доромжлох” гэх энэ хийсвэр заалтийн ард иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх хязгаарлагдана гэдгийг судлаачид хэлж байна.

Тэгвэл хэн нэгэн бусдыг гүтгэн доромжилсон тохиолдолд ямар хуулиар зохицуулах вэ?

Үүнийг манай улсын иргэний болон эрүүгийн хуульд аль хэдийн тусгачихсан гэж хэлж болно. Монгол Улсын үе үеийн Эрүүгийн хуульд доромжлох, гүтгэх үйлдлийг гэмт хэрэгт тооцож хуульчилж ирсэн. Харин НҮБ‐ын Хүний эрхийн зөвлөлийн зөвлөмжид “Эрүүгийн хуулийн гүтгэлэг, доромжлолтой холбоотой зүйл заалтыг шүүмжлэлийг таслан зогсоох зорилгоор ашиглахгүй байх, сэтгүүлчдийн мэдээллийн эх сурвалж болон шүгэлдэгчийг хамгаалах” талаар заасан тусгасан. Иймээс 2017 онд Эрүүгийн хуулиас гүтгэх, доромжлох заалтыг хассан ч Зөрчлийн тухай хуульд “Гүтгэх” заалтыг оруулсан байдаг.

Гэвч УИХ-аас 2020 онд Зөрчлийн тухай хуулиас “Гүтгэх” зөрчлийг хасч, Эрүүгийн хуульд 13.14 дүгээр зүйлд “Худал мэдээлэл тараах” заалтыг нэмсэн. Үүнээс гадна Иргэний хуулиар хүний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалж байна. Өөрөөр хэлбэл, хэн нэгний нэр төр, алдар хүндэд халдах аль эсвэл гүтгэсэн тохиолдолд хамгаалах хуулийн заалт, хүлээлгэх хариуцлага нь тодорхой байна гэсэн үг. 

Гэтэл одоо “доромжлох” гэх нэрээр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж буй нь иргэдийн бодит мэдээ мэдээлэл авах, шүүмжлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хаана гэж үзэж байна. 

Учир нь “доромжлох” гэх заалт нь утга, агуулгын хувьд хийсвэр, хуулийн хэм хэмжээгээр зохицуулахад тодорхойгүй зүйлс олон. Улсын Дээд шүүхийн 2007.10.29-ний өдрийн 40 дугаартай тайлбарт“...нэр төр” гэж тухайн хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмжийг хэлнэ гэж, “... алдар хүнд...” гэдэгт бусдаас өөрийнх нь  талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг ойлгоно гэж тус тус заасан байна. Тэгвэл  Хүний нэр төр, алдар хүнд буюу бусдаас болон өөртөө өгч буй үнэлэмжийг Эрүүгийн хуулийн дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хөндлөнгийн этгээд буюу мөрдөгч шалгаж, тогтоох боломжтой юу гэдэг нь эргэлзээтэй гэдгийг хуульч, судлаач Л.Галбаатар хэллээ.

Хуульч, судлаач Л.Галбаатар

Түүний хувьд хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах зохицуулалтыг Иргэний хуульд нэгэнт тодорхой, бүрэн зохицуулсан тул Эрүүгийн хуулиар давхар гэмт хэрэгт тооцож, түүнийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүмжлэлийг таслан зогсоох зорилгоор ашиглах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хязгаарлалт тогтоох үр дагавартай байна. Иймд Эрүүгийн хуульд заасан гүтгэлэг, доромжлолтой холбоотой зохицуулалтыг хүчингүй болгох, дахин оруулахгүй байх замаар шүүмжлэлт, эрүүл дуу хоолой, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах нь зүйтэй. Энэ нь бусдыг гүтгэх, доромжлох явдлыг үгүйсгээгүй бөгөөд энэ асуудлыг Иргэний хуулийн зохицуулалтын дагуу иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх арга зам нь илүү тохиромжтой болно гэж үзэж байна.

Хэрэв энэ хуулийн заалт хэрэгжвэл цахим орчинд хэн нэгэн улстөрчийг шүүмжлэх, аль эсвэл ёгтолж, егөөдсөн байдлаар “мийм” (meme) хийх, олон нийтийн сүлжээнд доромж үг ашигласан тохиолдолд эрүүгийн хэрэгтэн болно гэсэн үг. Нэг хүн ийм байдлаар хариуцлага хүлээж, эрүүгийн хэрэгтэн болоход дараа дараачийн хүмүүс айдаст автаж, үг үйлдлээ цэнэж эхлэх нь ойлгомжтой. Ингэснээр иргэд итгэл үнэмшилтэй байж, үзэл бодлоо ямар нэг хорио саад, айдас түгшүүргүйгээр чөлөөтэй илэрхийлэх боломж хязгаарлагдана.

Иймээс Хэвлэл мэдээллийн зөвлөл, Глоб интернэйшнл төв ТББ зэрэг байгууллагууд хамтран ажлын хэсэг байгуулж, удаа дараагийн уулзалт, хэлэлцүүлэг явуулсны эцэст бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад санал хүргүүлээд байна. Уг нь ийм байдлаар нийгмийг айдаст автуулж, хүний эрхийг хаан боогдуулахгүй байхыг олон улсын байгууллагууд зөвлөдөг. Зөвлөмжийн дагуу бол эрх баригчид Эрүүгийн хуульд шинээр заалт нэмэхээсээ өмнө одоогийн эрүүгийн хуульд байгаа “худал мэдээлэл тараах” гэх заалтын агуулгад анхаарал хандуулах шаардлагатай гэсэн үг. 

2020-2021 онд хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт 20 хүнийг гэм буруутай гэж шүүхээс шийдсэн бөгөөд үүнээс 19 хүнд торгох ял, нэг хүнд зорчих эрхийг хязгаарлах ял ногдуулсан байна. Эдгээр шийдвэрийн дагуу хохирогчоор тооцогдсон 20 хүний 11 нь иргэн,  ес нь албан тушаалтан байна. Энэ есөн хүний хоёр нь төрийн өндөр дээд албан тушаалтан /Х.Нямбаатар, Б.Дэлгэрсайхан/ байгаа юм.

Хүний эрхийг дээдэлдэг орнуудад бол бусдыг гүтгэх, доромжлохтой холбоотой заалтыг эрүүгийн хуулиас иргэний хууль руу шилжүүлж эхэлсэн. Учир нь энэ заалтыг улс төрийн зорилгоор ашиглах, иргэдийг айдас түгшүүрт автуулах, улмаар олон нийтийн чөлөөт хэвлэлээр дамжуулан бодит мэдээ мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх, шүүмжлэх боломжийг хязгаарладаг гэж үзэж байна. Харин манайд бол энэ төрлийн заалтууд нь иргэний хуулиасаа эрүүгийн хууль руу дэвшиж байгаа аж.