Богдхан уулын Дугуй цагаан руу явах зам дахь амралтын газар сурвалжилга хийж байсан сэтгүүлч, зураглаачийн биед цагдаа нар халдаж, сэтгүүлчийн үйл ажиллагаанд саад учруулсан хэрэг гарлаа. 

Gerelnews.mn сайтын сэтгүүлч цахим хуудастаа цагдаагийн алба хаагчид камер, микрофон, гар утас зэрэг эд зүйлсийг хураан авч, зургаан цаг баривчлан саатуулсан талаар мэдэгджээ.

Энэ талаар тэрбээр "Баривчлагдахаас өмнө 8-9 цагдаа хүч хэрэглэн лайв зогсоож, тэр дор нь лайвуудыг устгаж эхэлсэн. Утас, камераа авахаар нэхэж цагдаа нартай хэсэг чаргууцалдсаны эцэст хэд хэд удаа 3-4 цагдаа нарт хүчтэй дэлсүүлэв. Ингээд цагдаагийн саарал фургон ирж 10 гаруй цагдаа бууж ирээд бүх талаас зулгааж чирэн фургон руу хүчээр оруулж, орохгүй гэж эсэргүүцэхэд хэдэн ч удаа цохиулсан юм бүү мэд.

Нэг мэдэхэд фургоны шалан дээр хацраараа хэвтэж дээрээс хэд хэдэн цагдаа гишгэчихсэн хоорондоо шоронд нь хатаачихмаар сэтгүүлчид олон байна аа гэж инээлдэцгээж байсан" гэжээ.

Сэтгүүлчийн биед халдаж байгаа нь иргэдийн мэдэх эрхэд халдаж буй хэрэг юм.  

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлд:  

✔ Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй. 

Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй 

хэмээн тус тус заасан байдаг.