Бүгд Найрамдах Сингапур Улсад амьдарч буй Монгол хүүхдүүдэд зориулсан “Mon Heritage” төслийн ээлжит арга хэмжээ 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдав.

Хилийн чанадад өсөн торниж буй Монгол хүүхдүүдэд Монгол соёл уламжлал, түүхийг танин мэдүүлэх, угсаа, уламжлалаа дээдлэн хүндлэх хүсэл эрмэлзлэлийг дэмжих зорилгоор энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайдын яамнаас дэмжин оролцсон байна.

Санаачлагч нь Бүгд Найрамдах Сингапур Улсын Ли Куан Ю-гийн Төрийн удирдлагын их сургуулийн оюутан Б.Тэмүүлэн, Х.Саруул нар ажээ.

Энэ удаад Сингапур хотноо амьдарч буй монгол хүүхдүүдэд түлхүү чиглэсэн энэхүү арга хэмжээ нь хүүхдүүд төдийгүй эцэг, эхчүүдийн талархлыг хүлээжээ.


Энэхүү арга хэмжээгээр “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийг хэрэгжүүлж, улмаар хилийн чанадад дахь Монгол хүүхдүүдэд монгол хэл, ёс заншил, түүх, соёл, урлагийн үнэт зүйлсийг сурталчилан таниулахыг зорьж буй. Элчин сайдын яам болон “Номадик комик” байгууллагын дэмжлэгтэйгээр “Бумбардай” нэртэй нүүдлийн өв соёлыг сурталчилсан хүүхдийн цуврал комик номыг хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт бэлэглэжээ.