БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж буй “Солонгосын долоо хоног 2018” үйл ажиллагааны нээлт өнөөдөр Сеүлийн гудамжинд боллоо. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцож, үг хэлсэн юм.

Хотын дарга хэлсэн үгэндээ “Монгол Улс БНСУ-тай 1990 онд дипломат харилцаа тогтоож, эртнээс найрсаг харилцаатай, олон улсын түвшинд ч бие биенээ харилцах дэмжиж ирсэн уламжлалтай билээ. Улаанбаатар, Сөүл хотууд анх 1995 онд ах дүүгийн найрсаг харилцаа тогтоосон. Энд хүрэлцэн ирсэн та бүхэн Солонгос Улсын үндэсний соёл урлаг, уламжлал, зан заншлын  талаар бага боловч мэдлэгтэй болж, хоёр улсын иргэдийн харилцан ойлголцол нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.

“Солонгосын долоо хоног 2018” арга хэмжээнд Солонгосын үндэсний урлагийн концерт, Солонгос хоолны фестиваль, Солонгос киноны өдөрлөг, Таэквондогийн тэмцээн, Гоо даамны олон улсын тэмцээн, Солонгос дууны тэмцээн зэрэг олон сонирхолтой хөтөлбөр багтжээ.

Нээлтийн арга хэмжээнд БНСУ-ын өв соёлыг өөртөө шингээн үлдээсэн Солонгосын үндэсний хамтлаг, удаан хугацааны турш Солонгосын үндэсний соёлыг судалсаар ирсэн хамтлаг, дуучид оролцохоос гадна Улаанбаатар чуулгын морин хуурын баг бүрэлдэхүүн, Монголын цагдаагийн Сүлд чуулгынхан Солонгосын үндэсний хөгжмийн хамтлагтай хамтран тоглов. 

Харин Солонгосын кино өдөрлөг энэ сарын 18, 19-нд УИД-ийн 5 давхарт байрлах “ICinema” кино театрт болох аж.

Мөн "Элчин сайдын нэрэмжит 6 дахь удаагийн таэквондогийн тэмцээн" энэ сарын 24, 25-нд Спортын төв ордонд болох юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.