Жилийн өмнө хийгдсэн судалгаагаар инстаграмм хэрэглэгч өсвөр насны охидын 32 хувь нь өөрийнхөө биеийн галбирт сэтгэл дундуур байдаг гэсэн дүгнэлт гарчээ. 

Инстаграмд гоо үзэсгэлэнтэй, төгс бие галбиртай, амжилттай, загварлаг хүмүүсийг хараад тэднээс дутуу мэт мэдрэмж төрж байсан уу?

Энэ мэдрэмж өсвөр насны охидын дунд хамгийн хүчтэй төрдөг ажээ. Улмаар өөртөө итгэлгүй болж, сэтгэл гутралд орж, амиа хорлох эрсдэлд ч хүргэж байна гэсэн харамсалтай судалгаа гарчээ.

Энэ талаар “Wall Street Journal” хэвлэл “Фэйсбүүк Файлууд” нэртэй цуврал эрэн сурвалжлах нийтлэл бэлтгэн хүргэсээр байгаа юм. 

Wall Street Journal-ийн нийтлэлд “18 настай Анастасия Влосова жилийн өмнөөс хоол тэжээлийн эмгэгийн улмаас эмчилгээнд хамрагджээ. Шалтгаанаа инстаграмд төгс царай, бие галбиртай хүмүүсийг дуурайж хоолны дэглэм барьсантай холбон тайлбарласан байна.

Тэрээр 13 настайгаасаа хойш инстаграмм хөтөлж, олон дагагч нартай сошиалд алдартай хүмүүсийн хийдэг дасгал хөдөлгөөнийг дуурайж, хоолны хатуу дэглэмийг барьж байсан гэнэ. Өдөрт заавал гурван цагийг дасгал хийхэд зарцуулж байсан тухайгаа ч ярьсан байв.

Энэ мэтээр инстаграм аппликэйшн өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйг мэддэг ч Фэйсбүүк компани судалгааны үр дүнг нуун дарагдуулдаг талаарх мэдээлэл барууны  хэвлэлийн сэдэв болоод байна.

Фэйсбүүк компани инстаграм дахь зураг, бичлэгийн хандалтын тоог нууцлах арга хэмжээ авч байсан ч хангалттай үр дүн гараагүй юм.

Фэйсбүүк компани АНУ, Их Британи улсын инстаграм хэрэглэгчдийн дунд судалгаа явуулахад 40 хувь нь өөрийгөө сэтгэл татам биш гэж дүгнэдэг гэжээ. 

Мөн Их Британид өсвөр насны залуусын 13 хувь, АНУ-д 6 хувь нь инстаграм хэрэглээнээс үүдэн өөрийгөө үнэлэхээ больж, амиа хорлох талаар бодож үзсэн талаараа дурдсан байна.

Зөвхөн охидод бус хөвгүүдийн өөрийгөө үзэх үзэлд сөргөөр нөлөөлж буй талаарх судалгаа гарчээ. 

Гэвч WSJ болон өвсөр үеийн хүүхэд залуучуудын сэтгэл зүйн эрүүл мэндийн судлаачид, судалгааны үр дүнг няцаасаар байгаа юм.