Монгол Улс 2023 оны эхний зургаан сард дэлхийн 140 оронтой худалдаа хийжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 11838.1 сая ам.доллар болж, 2022 оны мөн үеэс 2581.6 сая ам.доллар буюу 27.9 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 3290.8 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарав. 2023 оны эхний зургаан сард түр боомтуудаар 382.1 сая ам.долларын худалдаа хийгдсэн нь нийт бараа эргэлтийн 3.2 (экспортын 4.6, импортын 0.8) хувийг эзэлж байна. 

ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН ЭКСПОРТ 16.5  МЯНГАН ТОННООР ӨСЧ, ҮНИЙН ДҮН 16.5 МЯНГАН ТОННООР ӨСӨВ

Экспортод 7564.4 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 42.5 хувиар өссөн байна. Экспортод нийлүүлсэн барааны 99.0 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна. Өмнөх онтой харьцуулахад валютын төлбөртэй экспорт 2210.2 сая ам.доллараар буюу 41.8 хувиар өсчээ. Экспортын өөрчлөлтийг БТКУС-ийн барааны хэсгээр авч үзвэл эрдэс бүтээгдэхүүний экспорт 2158.2 сая ам.доллараар буюу 48.6 хувиар, ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт 130.3 сая ам.доллараар буюу 44.3 дахин гэх мэт 17 хэсгийн барааны экспорт өсч бусад 3 хэсгийн барааны экспорт буурсан байна. Тухайлбал, эрдэс бүтээгдэхүүний экспорт 2158.2 сая ам.доллар буюу 48.6 хувиар; хүнсний бэлэн бүтээгдэхүүний экспорт 88.1 сая ам.доллар буюу 41.6 дахин; хуванцар болон түүгээр хийсэн зүйлс; хаймар болон түүгээр хийсэн зүйлсийн экспорт 15.7 сая ам.доллар буюу 5.9 дахин; амьд мал, амьтад, мал амьтны гаралтай бүтээгдэхүүний экспорт 59.9 сая ам.доллараар буюу 5.1 дахин тус тус өсчээ.

2023 оны эхний 6 сарын эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.2 хувийг чулуун нүүрс, зэсийн баяжмал, молибдены баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр, цайрын хүдэр болон боловсруулаагүй нефтийн экспорт эзэлж байна. 2022 оны мөн үетэй харьцуулахад чулуун нүүрсний экспорт 20269.3  мян.тонноор, үнийн дүн нь 1981.2 сая ам.доллараар тус тус өсч, хилийн дундаж үнэ нь 138.0 ам.доллараар буурчээ. 2023 оны эхний 6 сард чулуун нүүрсний 98.8 хувийг БНХАУ руу гаргасан байна. 

2022 оны мөн үетэй харьцуулахад зэсийн баяжмалын экспорт 16.5 мянган тонноор өсч, үнийн дүн нь 260.9 сая ам.доллараар, хилийн дундаж үнэ нь 387.2 ам.доллараар тус тус буурчээ. 2023 оны эхний 6 сард зэсийн баяжмалыг 99.9 хувь БНХАУ-д гаргасан байна.

2023 оны эхний 6 сард молибдены баяжмалын экспортын тоо хэмжээ 527.9 тонноор, үнийн дүн нь 31.3 сая.ам.доллараар тус тус өссөн байна. Хилийн дундаж үнэ 14281.4 ам.доллараас 21382.4 ам.доллар хүртэл өсчээ. Молибдены баяжмалын экспортын 74.9 хувийг БНХАУ-д, 17.4 хувийг БНСУ-д тус тус гаргасан байна. 2023 оны эхний 6 сард хайлуур жоншны экспорт өнгөрсөн оны мөн үеэс 269.0 мянган тонноор, үнийн дүн нь 70.9 сая ам.доллараар тус тус өсчээ. 2022 оны мөн үед 1 тонн хайлуур жоншны экспортын дундаж үнэ 280.2 ам.доллар байсан бол 2023 оны эхний 6 сард 269.7 ам.доллар болон буурчээ. Хайлуур жоншны 20.7 хувийг ОХУ, 72.7 хувийг БНХАУ-д гаргасан байна.

2022 оны эхний 6 сард боловсруулаагүй нефтийн экспорт 2355.9 мянган баррель буюу 175.2 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 2241.9 мянган баррелиар, үнийн дүнгээр 162.9 сая ам.доллараар тус тус нэмэгдсэн байна. 1 баррель нефтийн дундаж үнэ 108.0 ам.доллараас 74.4 ам.доллар болж буурчээ.

Төмрийн хүдрийн экспорт 2680.9 мян.тоннд хүрч, 2022 оны дүнгээс 931.1 мян.тонноор өссөн байна. Экспортын дундаж үнэ 85.5 ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 13.9 ам.доллараар буурчээ. Төмрийн хүдрийг 100.0 хувь БНХАУ-д экспортолсон байна.

Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос хэсэгт багтах барааны экспортын дийлэнхийг алтны экспорт эзлэдэг. 2023 оны эхний 6 сард экспортолсон алтны хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад 3.2 тонноор, үнийн дүн 176.5 сая ам.доллараар тус тус буурсан байна. 1 кг алтны үнэ 59949.9 ам.доллар байсан бол 2023 онд 62539.3 ам.доллар болж өсчээ. Алтны 22.3 хувийг БНСУ-д, 77.7 хувийг Швейцар улс руу тус тус экспортолсон байна.

Нэхмэл материал болон нэхмэл эдлэлийн экспортын 99.6 хувийг мал амьтны үс, хялгас, хивс, сүлжмэл, оёмол эдлэлийн экспорт эзлэж байна. Самнасан ноолуурын экспорт 16.9 тонноор, ямааны угаасан ноолуурын экспорт 1652.9 тонноор тус тус буурсан байна. Өмнөх онтой харьцуулахад сүлжмэл эдлэлийн экспорт 0.9 сая ам.доллараар буурч, оёмол эдлэлийн экспорт 0.1 сая ам.доллараар өсчээ.

Үндсэн төмөрлөгийн экспортын 94.3 хувийг хар төмөрлөгийн хаягдал; тунгаасан зэс, хайлш; хөнгөн цагаан бусад эдлэл; боловсруулаагүй хар тугалганы экспорт эзэлж байна. 2022 оны мөн үетэй харьцуулахад хөнгөн цагаан бусад эдлэлийн экспорт 1.2 сая ам.доллараар, боловсруулаагүй хар тугалганы экспорт 0.7 сая ам.доллараар, тунгаасан зэс ба хайлшны экспорт 22.7 сая ам.доллараар тус тус өссөн байна.

Монгол Улс дэлхийн 64 оронд бараа экспортлосноос БНХАУ-д  91.8 хувь, Швейцар-д 3.5 хувь, БНСУ-д 1.6 хувь  тус тус ногдож нийт экспортын  96.9 хувийг дээрх орнууд эзэлж байна.

ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ИМПОРТ 57.4 САЯ АМ.ДОЛЛАРААР БУУРЧЭЭ

Импортоор нийт 4273.6 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2022 оны мөн үетэй харьцуулахад 325.5 сая ам.доллараар буюу 8.2 хувиар өссөн байна. Импортоор нийлүүлэгдсэн барааны 96.5 хувийг валютын төлбөртэй худалдаа,1.2 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.4 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.4 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.03 хувийг боловсруулалтын бараа эзэлж байна. Импортын өсөлтөд эрдэс бүтээгдэхүүний; мод, модон эдлэлийн; машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг; авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, анги бүлэгт хамаарах барааны импорт голлон нөлөөлсөн байна.

Импортын өөрчлөлтийг БТКУС-ийн барааны хэсгээр авч үзвэл, эрдэс бүтээгдэхүүн 131.5 сая ам.доллараар; машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэгийн импорт 171.0 сая ам.доллараар; хуванцар болон түүгээр хийсэн зүйлс; хаймар болон түүгээр хийсэн зүйлсийн импорт 14.4 сая ам.доллараар зэрэг 8 хэсгийн барааны импорт өсч бусад 13 хэсгийн барааны импорт буурсан байна. Үүнд, хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт 57.4 сая ам.доллараар; химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүний импорт 38.4 сая ам.доллараар тус тус буурчээ. 

Эрдэс бүтээгдэхүүний импортын 87.2 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна. Нефтийн бүтээгдэхүүний импортын биет хэмжээ 230.4 мян.тонноор, үнийн дүн нь 114.3 сая ам.доллараар тус тус өссөн байна. 1 тонны импортын хилийн дундаж үнэ 885.2 ам.доллараас 803.4 ам.доллар болж буурсан байна. Үүнд, автобензины импортын дундаж үнэ 830.4 ам.доллараас 719.1 ам.доллар хүртэл буурчээ.

Дизель түлшний импорт биет хэмжээ 202.4 мян.тонноор,  үнийн дүн 128.1 сая ам.доллараар тус тус өсч, дундаж үнэ нь 80.4 ам.доллараар буурсан байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 775.6 сая ам.доллар буюу 18.1 хувь; эрдэс бүтээгдэхүүн 1008.9 сая ам.доллар  буюу 23.6 хувь /үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 880.3 сая ам.доллар буюу 87.2 хувь/; хүнсний бэлэн бүтээгдэхүүн 308.9 сая ам.доллар буюу 7.2 хувь; авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 827.0 сая ам.доллар буюу 19.4 хувь; хуванцар болон хуванцар эдлэл, хаймар түүгээр хийсэн эдлэл 176.8 сая ам.доллар буюу 4.1 хувь; үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 378.1 сая ам.доллар буюу 8.8 хувь; химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 236.3 сая ам. доллар буюу 5.5  хувийг тус тус  эзэлж, эдгээр бүтээгдэхүүн нийт дүнгийн 82.7 хувийг эзлэж байна.

Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар 16.8 сая ам.долларын бараа импортлосноос барааг гарал үүслийн орноор авч үзэхэд БНХАУ-д 24.7 хувь, БНСУ-д 23.9 хувь, Япон-д 17.7 хувь, АНУ-д 8.2 хувь тус тус ногдож байна. Тусламжийн барааг хандивлагч байгууллага, орноор нь ангилвал БНСУ-д 23.9 хувь, АНУ-д 45.4 хувь тус тус ногдож байна.

Олон улсын санхүү эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр 53.2 сая ам.долларын барааг тус улсад нийлүүлснээс барааг гарал үүслийн улсаар нь авч үзвэл БНХАУ-д 66.1 хувь, БНСУ-д 10.8 хувь, Энэтхэг-т 7.4 хувь, Австри-д 5.9 хувь тус тус ногдож байна. Нийт зээлийн барааг Засгийн газрын шугамаар оруулж иржээ. Уг зээлийн 63.9 хувийг АНУ-аас, 14.9 хувийг БНХАУ-аас, 9.1 хувийг Энэтхэгээс, 6.0 хувийг Австриас тус тус олгожээ. Нийт 61.6 сая ам.долларын бараа гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэнээс барааг гарал үүслийн улсаар  авч үзвэл ОХУ-д 81.4 хувь, БНХАУ-д 11.3 хувь тус тус ногдож байна.