Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 77.000 төгрөгөөр өсжээ

Б.Баясгалан
02 сарын 20, 2019

Үндэсний статистикийн хорооноос гаргасан статистикийг хүргэж байна.

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны 4 дүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 161.0 (16.9%) мянган төгрөгөөр өслөө. 

Үүнд хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 2.7 (3.1%) мянган төгрөгөөр буурсан хэдий ч цалин хөлсний орлого 97.8 (19.5%) мянган төгрөг, бусад орлого 24.7 (28.7%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн орлогын хэмжээ 2018 оны 4 дүгээр улиралд 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 77.7 (8.2%) мянган төгрөгөөр өслөө.

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2018 оны 4 дүгээр улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 117.6 (11.4%) мянган төгрөгөөр өслөө. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 99.4 (12.8%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн зарлагын хэмжээ 2018 оны 4 дүгээр улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 31.7 (3.1%) мянган төгрөгөөр өссөн байна.

Өрхүүдийг мөнгөн орлого, зарлагаар нь бүлэглэн авч үзвэл, 2018 оны 4 дүгээр улиралд 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 74.8 (8.3%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 49.6 (5.5%) мянга, 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 114.5 (12.7%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 117.2 (13.0%) мянга, 500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 252.4 (28.0%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 240.7 (26.7%) мянга байна. Харин 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 81.1 (9.0%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 92.8 (10.3%) мянга байна.

Нэг хүнд ногдох сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) орлогын хэмжээ амьжиргааны доод түвшнээс улсын дунджаар 65.0 хувь, Төвийн бүсэд 77.5 хувь, Улаанбаатар хотод 71.2 хувь, Зүүн бүсэд 65.3 хувь, Хангайн бүсэд 60.3 хувь, Баруун бүсэд 34.7 хувиар тус тус их байна.

Хүн амын нийт хэрэглээнд хамгийн ядуу бүлгийн хүн амын хэрэглээ улсын хэмжээнд 2018 оны 4 дүгээр улиралд 7.7 хувийг, хамгийн чинээлэг бүлгийн хүн амын хэрэглээ 39.5 хувийг эзэлж байна. Энэ нь хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас 5.1 дахин их байгааг харуулж байна.

Холбоотой сэдвүүд

статистик өрхийн орлого

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.