Судалгаа: Жирэмсний үеийн стресс охин хүүхэд төрөх магадлалд нөлөөлдөг үү?

Х.Оргил
07 сарын 08, 2026

Жирэмсний үеийн стресс хүүхдийн хүйсийн харьцаанд нөлөөлж болзошгүйг Нью-Йорк-Пресбитериан эмнэлэг болон Колумбын их сургуулийн Ирвингийн анагаах ухааны төвийн судлаачид тогтоожээ.

Судалгааг Колумбын их сургуулийн Вагелосын Анагаах ухааны сургуулийн анагаахын сэтгэл судлалын профессор, доктор Кэтрин Монк удирдсан байна. Тэрбээр мөн Нью-Йорк хот дахь Эх барих, эмэгтэйчүүдийн тасгийн эмэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн хөтөлбөрийн захирлаар ажилладаг.

Судалгаанд 18–45 насны 187 жирэмсэн эмэгтэйг хамруулж, жирэмсний үеийн өдөр тутмын амьдрал, биеийн үзлэгийн мэдээлэлд үндэслэн нийгэм, сэтгэлзүй, бие махбод болон амьдралын хэв маягтай холбоотой стрессийн 27 үзүүлэлтийг шинжилжээ.

Үр дүнд нь жирэмсний үед бие махбодын болон сэтгэлзүйн өндөр стресстэй байсан эмэгтэйчүүд охин хүүхэд төрүүлэх магадлал харьцангуй өндөр байгааг судлаачид ажигласан байна.

Судлаачдын тайлбарласнаар, өмнөх зарим судалгаанд ч нийгмийн үймээн самуун, террорист халдлага, дайны дараа эрэгтэй хүүхдийн төрөлт харьцангуй буурах хандлага ажиглагдаж байжээ.

Иймээс жирэмсний үед эхийн биеийн болон сэтгэлзүйн эрүүл мэндийг хамгаалах нь зөвхөн эхийн сайн сайхан байдалд төдийгүй ургийн эрүүл хөгжилд чухал ач холбогдолтойг судлаачид онцолж байна.

Эх сурвалж: obgyn.columbia.edu

Холбоотой сэдвүүд

жирэмсэн стресс ээжүүд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.