Монголчуудад тогтмол ном унших дадал, төлөвшил төдийлөн суугаагүй ч сүүлийн таван жилтэй харьцуулахад өнөөдрийн байдлаар ном уншдаг хүний тоо өсчээ. Номын баяр, номын дэлгүүрүүдийн хямдралтай худалдаан дээр дараалал үүсгэн зогсож буй дүр зургаас үүнийг харж болно. 

Үүнтэй холбоотойгоор монголчууд ном уншихдаа болон ном сонгон авахдаа ямар хандлагатай байгаа талаарх судалгааг танилцуулж байна.


Нэг номын дэлгүүрт өдөрт дунджаар 50-100 ном зарагддаг

“Мирим Консалтант” компанийн төслийн баг “3000-5000 хувь борлогдох 100 ширхэг номын жагсаалт” судалгааг хийжээ. Уг судалгаанаас үзэхэд Монгол Улсад жилд дунджаар 750-900 мянган ном борлуулагддаг. Энэ нь өдөрт дунджаар нэг номын дэлгүүрт 50-100 ширхэг ном зарагддаг гэсэн үг юм. Ном товхимол хэвлэлийн салбарт идэвхитэй үйл ажиллагаа эрхэлдэг 150 орчим үйлдвэр, хэвлэлийн компани, номын дэлгүүр байна.

Монголчууд худалдан авах номоо төдийлөн сайн судалдаггүй. Судалж худалдан авдаг нь маш цөөн. Ихэвчлэн олны танил хүмүүсийн санал болгосон болон тэдний уншиж буй номыг унших, дуурайх хандлагатай байдаг. Мөн номын дэлгүүрийн бэстселлер тавиур дээрх номууд худалдан авалтад чамгүй их нөлөөлдөг байна. Гэвч бэстселлер номын жагсаалт номын дэлгүүр бүрт харилцан адилгүй байдаг. Тухайлбал, салбар дэлгүүртэй том компани 7 хоногт салбарын хэмжээнд хамгийн их борлуулалттай номыг бэстселлер болгон зарладаг бол Мажестик дэлгүүрт 14 хоногт 150 ширхэгээс дээш борлуулалттай номыг бэстселлер хэмээн үздэг байна. 

Үүнээс гадна номын агуулга, чанар, зохиолчийн нэр хүнд ч багагүй нөлөө үзүүлэх нь бий. Олонд танигдсан зохиолч болон хэвлэлийн компанийн бүтээлийг авах хүлээлт хүмүүст аль хэдийн үүссэн байна. 


Нийт номын 30 гаруй хувийг импортын ном эзэлдэг

Монгол Улсад борлогддог нийт номын 30 гаруй хувийг импортын ном эзэлдэг. Үүнд гадаад хэл дээрх номоос гадна, гадаад улсад монгол хэл дээр хэвлэгдсэн ном багтдаг байна. Гадаадаас авчирдаг номын гуравны нэгийг хүүхдийн ном эзэлдэг. Хүүхдийн номын ангилалд танин мэдэхүйн болон оюун ухаан хөгжүүлэх ном өндөр эрэлттэй байдаг бол буддаг, зурагт ном удаах байранд байна.  

Хүмүүс уншдаг төрлийн номоо цаашид давтан худалдан авах хандлагатай байдаг. Жишээлбэл, уран зохиолын ном уншдаг бол дараагийн удаа ч мөн уран зохиолын ном сонгодог байна. 


Монголчууд баяраар нэгэндээ ном бэлэглэх дуртай 

Өрхийн орлого ихсэх тусам ном худалдан авахад зарцуулж буй мөнгөн дүн нэмэгдэж байгааг судалгаагаар тогтоожээ. Авууштай нь баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдэд монголчууд бие биедээ ном бэлгэлэх нь ихэссэн байна. Учир нь энэ үеэр номын дэлгүүрийн борлуулалт өсдөг. Түүнчлэн энгийн үед ном худалдан авч буй хүмүүсийн олонх нь номоо бэлгийн тууз, цаас зэргээр чимэглүүлдэг байна.

Мөн номын баяр, номын дэлгүүрүүдийн хямдралын үеэр борлуулалт илүүтэй байдаг нь монголчуудын номонд дурлах хүсэл нэмэгдэж буйн илрэл юм. Худалдан авч буй номын дийлэнх нь түүхийн болон уран зохиолын сэдэвтэй номууд байдаг байна. Хүүхдийн болон танин мэдэхүйн, баримтат бүтээлүүд мөн эрэлттэйд тооцогддог аж.


Цахим номын зах зээл хүчээ авч байна 

Дэлхийн олон оронд хэвлэмэл номыг унших хүмүүсийн тоо буурсаар байгаа нь интернет, ухаалаг утас даган хөгжиж буй олон төрлийн апп, нийгмийн сүлжээтэй холбоотой хэмээн судлаачид үздэг. Үүнтэй холбоотой хэвлэмэл номоос гадна цахим ном ч хүчээ аваад буй. Хүчирхэг гүрэн болох АНУ-д цахим номын зах зээл хэвлэмэл номын зах зээлээс илүү байдаг аж. Үүнээс харахад шинэ үеийнхэн мэдээллийг илүү хурдан, товч аргаар авахыг эрхэмлэх болжээ. 

Монгол Улсын нийт хүн амын 90 хувь нь ухаалаг утас хэрэглэж, гурван хүн тутмын нэг нь сошиал сүлжээг идэвхитэй ашигладаг. Сүүлийн үед сошиал сүлжээнд ном сонирхдог, уншихыг хүсдэг хүмүүс групп үүсгэн нэгдэж ном солилцох, бие биедээ танилцуулах зэргээр номын соёлыг сурталчилдаг болсон. Мөн төрөл бүрийн цахим номын сан бий болоод буй. Эндээс манай улсад ч бас цахим номын зах зээл хөгжих боломж нээлттэй байгаа нь харагдаж байна.