Ирланд улсын хамгийн өндөр шагналын сантай “ЕвроМиллион” лоттерейнд 56 настай Маргарет Лофри гэгч орон гэргүй эмэгтэй 27 сая евро хожиж дуулиан тарьж байсан юм. Гэвч тэрээр өөрийн гэрээсээ амиа егүүтгэсэн байдалтай олдсон байна. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр цогцос гадны нөлөөгүй, амиа хорлолт гэсэн дүгнэлт гарчээ.

Гуйлгачин амьдралаас саятны эгнээнд шилжсэн тэрээр азтан болохоосоо өмнө улсаас олгодог 50 еврогоор амь зуудаг байв. 2013 онд гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс сугалааны тасалбар худалдан авсан нь түүний хувь тавиланг өөрчилсөн хэрэг. Гэвч энэхүү баяр хөөр удаан үргэлжилсэнгүй, сугалаанаас хожсон мөнгө нь түүнийг сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгт хүргэх шалтгаан болжээ.

Тэрээр сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн дагуу шүүхээс ял сонсож, 2015 онд согтууруулах ундаа хэрэгсэн үедээ таксины жолоочийг автомашинаар дайрсан хэрэгт холбогджээ.

Хүмүүс түүний азтайг гайхан шагширч байхад тэр өөрөө  “Их мөнгө надад зовлон шаналалаас өөр юуг ч авчраагүй” хэмээн ярьж байв. 2019 онд “Таймс” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа  “Сугалаа хожсон цагаас хойших миний амьдралд уй гашуу, зовлон шаналал л нэмэгдсэн. Эцэст нь амьдралыг минь сүйрүүлэх нь. Би шашин шүтдэггүй ч там гэж үнэхээр байдаг бол яг одоогийн амьдрал минь л байх. 27 сая евро чамайг ганцаардах үед чинь тэврэхгүй, аз жаргал ч бэлэглэхгүй. Бусдын аз жаргалтай байгааг харах нь л намайг жаргалтай болгодог. Гэхдээ хүмүүс маш амархан өөрчлөгдөж, урвадаг” хэмээн ярьсан удаатай.

Тэрээр хожсон мөнгөнийхөө тэн хагасыг сайн үйлсийн аянд зарцуулжээ.Түүнийг найз нөхөд, гэр бүл, хамаатнууд нь байнга хандив өргөдөг дөлгөөхөн эмэгтэй гэж дурсан ярьсан байна.