peak.mn
04 сарын 20, 2018
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдийг оролцуулах, эрт илрүүлгийг нэмэгдүүлэх зорилгоор “Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд салбар дундын оролцоог нэмэгдүүлье” аян эхлүүлэх танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хийлээ.
Сүрьеэ өвчин 1990-ээд оноос дэлхий дахинд дахин сэргэж буй халдварт өвчний тоонд зүй ёсоор орж байна. ДЭМБ-ын тооцоолсноор 2016 онд 10.4 сая хүн шинээр өвчилж, 1.7 сая хүн уг өвчний улмаас нас барсан байна. Манай улс ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөр 7 орны тоонд орж байгаа юм. Өвчлөлийн түвшин 100 мянган хүн амд 182 байгаа нь дэлхийн дунджаас өндөр аж. Аян хэрэгжсэнээр сүрьеэгийн идэвхтэй эрт илрүүлэг хавьтал, халдвар хамгааллын тусламж үйлчилгээнд шаардагдах хүний нөөц, тоног төхөөрөмж, үйлчилгээний чанар хүртээмж сайжрах зэрэг олон эерэг үзүүлэлт гарах юм байна. Зөвлөлийн гишүүд аяныг зохион явуулах нь зүйтэй хэмээн дэмжлээ.
“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн танилцуулгыг Төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн зохицуулагч Д.Авирмэд танилцуулсан. Уг хөтөлбөр нь эдийн засгийн боломж, орон сууц, хотын дэд бүтцийн үйлчилгээ хангамж бүхий эрүүл, аюулгүй, бие даан хөгжсөн дэд төвийн сүлжээг гэр хороололд бий болгох зорилготой юм. 3 үе шаттай хэрэгжих энэ төслийг Азийн хөгжлийн банк хамтран санхүүжүүлж байгаа. Хөтөлбөрийн эхний шат хэрэгжсэнээр Баянхошуу, Сэлбэ дэд төвд нийт 7.57га талбай бүхий ногоон байгууламж бий болж, хотын ногоон байгууламж нэмэгдэнэ. Мөн дэд төв тус бүрт 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг байгуулах, 1 ээлжинд 100 суралцагч хүлээн авах МСҮТ байгуулах юм. Төслийн хүрээнд дулаан хангамж, усан хангамж, ариутгах татуурга, авто замын сүлжээ, цахилгаан холбоо, нийгмийн барилга байгууламжууд хийгдэхээр төлөвлөгдсөн байна.
Засаг даргын зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар “Нийслэлийн хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг сайжруулах хөтөлбөр батлах тухай”, “Улаанбаатар бүс, хот орчмын хог төлөвлөлтийн судалгаа, зураг, үр дүнгийн тухай танилцуулга” зэрэг асуудлыг хэлэлцлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.