Тогтвортой хөгжлийг дэмжигч Peak.mn сайт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд байрлах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны “Ногоон гархан” урлангаас сурвалжилга бэлтгэлээ.

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурч боловсрох боломж нөхцөл харьцангуй сайжирсан гэж хэлж болно. Гэвч тэд сургууль төгссөний дараа ажил хөдөлмөр эрхлэнэ гэдэг амаргүй хэвээр байна. 

Тэртусмаа оюуны бэрхшээлтэй залуусын хувьд сургуульд төгссөн ч гэртээ суухаас өөр сонголтгүй болдог. Мөн гэр бүлийнх нь хэн нэгэн, ихэвчлэн ээж, эмээ нар нь ажлаа хойш тавьж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч тойлох шаардлагатай болно. Ингээд нэг гэр бүлийн хоёр гишүүн ажилгүй болдог нь өнөөгийн нийгмийн бодит байдал. 

Энэ бодит байдалтай үл эвлэрч, оюуны бэрхшээлтэй залуус болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдийг ажил, хөдөлмөр эрхлэх боломжоор хангах зорилготой “Ногоон гархан” урлан 2016 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өнөөдөр энэ урлангийнхан төрөл бүрийн нэхмэл бүтээгдэхүүн, монгол дээл, хувцас, цаас болон шүрэн урлал зэрэг бүтээгдэхүүн хийж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооноос оюуны бэрхшээлтэй залууст зориулж Япон улсаас таван ширхэг нэхмэлийн машин оруулж ирсэн. Үүний нэг дээр нь ажиллаж, бүс нэхэж буй энэ хүнийг Х.Бумбаатар гэдэг. 

Х.Бумбаатар: Би яг одоо бүс нэхэж байна. Өдөрт ийм 10 бүс нэхэж чадна. Энд таван жил ажиллаж байна.


Хүүгээ алдсан ч холбооны ээжүүдтэйгээ харилцаа таслаагүй 

Ногоон гархан урлангийн брэнд бүтээгдэхүүн нь хоёрдогч түүхий эдээр хийсэн Монгол гэр. Энэ гэрийг анх санаачилж, хийсэн ээжүүдийн нэг нь А.Наранханд. 2017 онд 22 настай хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ алдсан ч холбооны ээжүүдтэйгээ харилцаагаа таслахгүй, одоог хүртэл хамтдаа ажиллаж байна. 

Хоёрдогч түүхий эдээр гэр хийх санааг анх яаж олсон бэ?

Бид орлогогүй, гэртээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ хардаг эцэг эхчүүд. Ийм болохоор ээжүүдээрээ нэгдээд ямар нэгэн юм хийе гэж бодсон. Анх сонингийн цаас хуйлаад сагс сүлждэг байсан. Тэгээд бид Монгол уламжлалын юм хийвэл ямар вэ гэж ярилцаад, гэр хийж эхэлсэн. Одоо энэ Монгол гэрийг хүмүүс мэддэг болж, бидний брэнд бүтээгдэхүүн болсон. Дандаа хоёрдогч түүхий эд, сонин, хуучин бичгийн цаас зэргийг ашигладаг. Бичгийн цаасны үлдэгдлээр Монгол гэрийн туургыг нь хийх жишээтэй.

Цаасыг нь олон давхарлаад, хуйлаад хийчихсэн болохоор амархан урагдаж эвдрэхгүй бат бэх харагдаж байна. 

Бүгд хоёрдогч түүхий эд мөртлөө чанарын хувьд сайн. Хүүхдүүдийн хэрэглэж байсан өнгийн цааснуудыг аваад хэрэглэчихсэн. Бичгийн цааснуудыг болохоор гадна талын туурга болгодог. Чанарын хувьд хүүхэд аваад тоглосон ч болохоор бат бэх, эко бүтээгдэхүүн. Нойтон салфеткаар угааж арчихад урсаж, урагдах юм байхгүй. 

Энд ажиллах ямар байдаг вэ?

Энд ажиллах их сайхан. Ээжүүд хоорондоо ярилцана, бие биенийхээ зовлон жаргалыг хуваалцана. Хамгийн гол нь их бага хэмжээгээр орлого олно гэдэг чинь бидэнд хэрэгтэй. 

Ногоон гархан урлангийн ээжүүдийн клуб дөрвөн гишүүнтэй. Тэд Монгол гэрийг дамжлагаар хийдэг. Нэг ээж цаасыг нь хуйлаад өгөхөд нөгөө нь будаж, нэг нь гоёл чимэглэлийг нь хайчлах зэрэг дамжлагаар бүтээдэг байна. Тэдний нэг нь хөгжлийн бэрхшээлтэй зээ охиноо хардаг Л.Гэрэлмаа.

Миний хувьд цаасыг нь хуйлж, дугуйлж өгдөг. Ингэж дугуйлаад гэрийн суурь хийнэ гэсэн үг. Дараа нь дээвэр хийнэ. Доторхыг нь эсгийнцрээр хийдэг. Би энэ холбооны гишүүн болоод 20 жил болж байна. Бидний хийсэн бүтээгдэхүүнийг зарж, борлуулах ажлыг холбооноос /Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо/ хийдэг.  

П.Мөнхчимэг: Хөдөлмөр эрхлэлтийн цаана хэн ч үлдэх ёсгүй гэдэг ч хэрэгждэггүй

П.Мөнхчимэг: Ногоон гархан урлангийн зааварлагч багш

Ногоон гархан урланд хийсэн бүтээгдэхүүнийг яаж зарж, борлуулдаг вэ?

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлыг дэмжсэн борлуулалтын үйл ажиллагаанууд байдаг. Дүнжингарав, Сонгинохайрхан гээд цэгүүдээр зарж байна. Дээрээс нь бид Ногоон гархан урлангийн сайтаараа дамжуулж борлуулдаг. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаануудад тогтмол оролцож, жил бүр “Хөдөлмөр эрхлэхэд - хаалгаа нээ” үзэсгэлэн худалдааг өөрсдөө зохион байгуулж байна.

Бараа бүтээгдэхүүн хийж зарж борлуулахаас өөр ямар үйл ажилагаа явуулж, эцэг эхчүүд болон оюуны бэрхшээлтэй залуусыг дэмждэг вэ?

Оюуны бэрхшээлтэй залуусын хувьд энд гар урлал хийхээс гадна олон зүйл сурч байдаг. Нийгмийн харилцаанд суралцаж, наад зах нь мөнгө гэж юу юм, карт гэж юу юм гээд сурах шаардлагатай болно. Магадгүй гэртээ 12 цаг гээд босдог байсан бол ажил хийхээр өглөө найман цаг гэхэд босоод есөн цаг гээд ажилдаа ирдэг юм байна  гэдэг ч юм уу. Автобусаар яаж зорчих, картаа яаж уншуулах зэрэг энэ бүх зөөлөн ур чадваруудыг эзэмшээд явж байдаг. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал дээр хүн бүр боловсрол эзэмшиж, хөдөлмөр эрхлэх ёстой, хөдөлмөр эрхлэлтийн цаана хэн ч үлдэх ёсгүй гэж заалт байдаг. Гэтэл оюуны бэрхшээлтэй залуус ингээд үлдчихээд байгаа юм. Харин тэд энд ажил хийгээд эхлэхээр өөрсдөө бас эцэг эхчүүд нь ч гэсэн манай хүүхдүүд хөдөлмөр эрхэлж болох юм байна, нийгэмдээ татвар төлж болох юм байна шүү дээ гэсэн ийм зүйлийг олж хардаг.

Дээрээс нь манайх бага насны хүүхдийн боловсролын чиглэлээр ажилладаг болохоор багаас нь хүүхдээ хөдөлмөрт бэлтгээд боловсролын үйлчилгээг чанартай үзүүлж чадах юм бол ямар ч төрлийн бэрхшээлтэй хүн байсан хөдөлмөр эрхлээд, нийгэмдээ татвар төлөөд явдаг байж болох юм. Дандаа халамж хүртээд явдаг хүмүүс биш юм аа гэдгийг бид нар харуулж чадаж байгаа. Эцэг эхчүүдийн хувьд бол гэртээ хийсэн бараа бүтээгдэхүүнээ борлуулж байна. Хоёрдугаарт, ээжийн клуб гээд нэгтгэж байгаа болохоор тэд маань санаа оноогоо хоорондоо хуваалцдаг. Энд байнга уулздаг болохоор найз нөхөрлөлийн холбоо харилцаа үүсч, сэтгэл зүйн хувьд давуу тал ажиглагдаж байна. Нүдэн дээр өөрчлөгдөж эхэлдэг.

Ногоон гархан урлан нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд болон залуусын ирэх хамгийн дуртай газар нь. Тэд энд ирж ажлаа хийхийн зэрэгцээ өөрсдийн жаргал, зовлонгоо хуваалцаж, аль хэдийн нэгэн гэр бүл, нэг хамт олон болж чаджээ.  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо нь 18 аймагт салбартай. Тэд жилдээ нэгээс хоёр удаа бөөндөө цуглаж, агаар салхинд гарахын хажуугаар тулгамдсан асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа хэлэлцдэг юм байна.