Танд хэрэгтэй: "Ибаримт"-аар төрийн үйлчилгээний төлбөр тооцоог хийх заавар

Б.Баясгалан
11 сарын 28, 2019

Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор Сангийн яам, Гааль, Татварын ерөнхий газар, Санхүүгийн мэдээллийн технологийн төв хамтран төрийн үйлчилгээний цахим төлбөр тооцооны системийг нэвтрүүлж байна. 

Энэхүү цахим төлбөр тооцооны систем нь 1 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй “Цахим төлбөрийн баримтын систем” /ebarimt/ аппликейшнийг ашиглан иргэн өөрийн гар утаснаасаа интернэт банкаар төлбөрөө төлөх боломжийг олгож байна.  

Энэ ажлын хүрээнд эхний ээлжид Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэдэд үзүүлж буй 18 төрлийн үйлчилгээ, 20 төрлийн лавлагааны төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн цахим төлбөр тооцооны системээр хүлээж авахаар холбогдох хөгжүүлэлтийг хийж нэвтрүүллээ.

Өнөөдрийг хүртэл иргэд бүртгэлийн аливаа лавлагаа, үйлчилгээ авахын тулд төлбөрөө заавал банканд биечлэн очиж удаан хугацаагаар дугаарлан хүлээж цаг алдах, үйлчилгээнээс хамаарч хэд хэдэн дансанд төлбөр төлөх, тухайн гүйлгээ бүрд 2000 хүртэл төгрөгийн шимтгэлийг нэмж төлөх зэрэг хүндрэл, чирэгдлийг бий болгодог. 

Тухайлбал, гадаад паспорт авахын тулд бүртгэлийн үйлчилгээний хураамж 12,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 5,000 төгрөг, гадаад паспортын хэвлэлтийн зардал 15,000 төгрөгийн нийт 3 гүйлгээг арилжааны банканд очиж төлөх ба гүйлгээ тус бүрд банкнаас хамаарч 300-2000 төгрөгийн шимтгэл зарцуулах, мөн ачаалал ихтэй үед 3 цаг хүртэл хугацаагаар банканд дугаарлаж хүлээх зэрэг хүндрэлийг үүсгэж байна. 

Харин цахим төлбөрийн систем нь иргэд дээрх 3 гүйлгээг нэгтгэж, 300 төгрөгийн шимтгэлтэй төлөх ба банк явахгүйгээр бүртгэлийн мэргэжилтний өмнө төлбөрөө минутын дотор төлөх боломж олгож байгаа ихээхэн давуу талтай юм.

Түүнчлэн, ойролцоо арилжааны банкны салбар байдаггүй бүртгэлийн нэгжүүд болон хороон дээр үйлчилгээ авч буй иргэд төлбөрөө тухайн үйлчилгээний цэгүүд дээр төлснөөр хотын төв рүү чиглэсэн хөдөлгөөнийг сааруулж, түгжрэлийг бууруулах боломжийг бүрдүүлж байна.

“Цахим төлбөрийн баримтын систем” /ebarimt/ аппликейшнийг ашиглан өөрийн гар утаснаас интернэт банкаар төлбөрөө төлснөөр төлбөрийн баримт үүсэж таны ebarimt аппликейшнд автоматаар бүртгэгдэх ба уг баримтаар зөвхөн сугалаанд оролцох боломжтой.

Цаашид энэ системийн хөгжүүлэлтийг үргэлжлүүлэн хийж төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 25 байгууллагын 185 төрлийн үйлчилгээ, гааль, татвар, эрүүл мэнд, соёл, урлагийн байгууллагуудад үе шаттайгаар нэвтрүүлэх албан даалгаврыг  Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж холбогдох байгууллагуудад даалгалаа.


Цахим үйлчилгээг ашиглах зааврыг хүргэж байна.

 

Төрийн үйлчилгээнд "Цахим төлбөрийн баримтын систем"-ийг нэвтрүүлснээр дараах ур дүн гарна. Үүнд:

-Иргэд арилжааны банканд биечлэн очиж цаг алдахгуйгээр төлбөр тооцоог гүйцэтгэнэ.

- Ойролцоо арилжааны банкны салбар байдаггүй бүртгэлийн нэгжүүд болон хороон дээр үйлчилгээ авч буй иргэд төлбөрөө тухайн үйлчилгээний цэгүүд дээр төлснөөр хотын төв рүү чиглэсэн хөдөлгөөнийг сааруулж, түгжрэлийг бууруулах боломжийг бүрдүүлнэ.

- Иргэдийн төрийн үйлчилгээний төлбөр, хураамж төлөхөд зарцуулж байгаа шимтгэлийг бууруулна.

- Цахим төлбөрийн системээр хийгдсэн гүйлгээ төрийн сангийн дансанд шууд төвлөрөх бөгөөд бэлэн мөнгөний төлбөр тооцоог дагасан эрсдэл буурна.

- Иргэн цахим төлбөрийн систем ашиглан төлбөр төлснөөр төлбөрийн баримт еbarimt aппликейшнд автоматаар бүртгэгдэх бөгөөдсугалаанд оролцох боломжтой болно.

Цаашид төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 25 байгууллагын 185 төрлийн үйлчилгээ, байгууллагуудад үе шаттайгаар нэвтрүүлэхээр Засгийн газарболон холбогдох яам, агентлаг, газруудажиллаж байна.

Эх сурвалж: Сангийн яам

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.