Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, яруу найргийн "Болор цом"-ын эзэн яруу найрагч Тангадын Галсантай ярилцлаа.

-Та Монгол түмний их баяр наадам, Эрийн гурван наадмын эртний түүхээс юуны өмнө PEAK.mn сайтын маань уншигчдад сонирхуулахгүй юу? 

-Монгол хүний сэтгэлд хамгийн их дурсамжтай нь наадам байдаг даа. Хагас сая орчим цөөхөн монгол энэ дэлхийн хоёр тивийг эмээл дээрээ бөгтөргөн тохож, ширэнгийн мэт саваагүй байсан хүн овогтныг төрт ёс гэж юу байдаг вэ, түүнд оруулж багшилсан энэ үндэстний хүчирхэгжил нь юундаа байсан бэ гэхээр нэгдүгээрт, цөмөөрөө нэг хүн шиг эвтэй байсан. Хоёрдугаарт, тэдний орчин үеийн пуужин мэт хүлэг морьд нь байж. Африкийн цагаан заан, Астралийн арслан шиг гэнэтийн ямар ч дайрлагад өртөхөөргүй түүнийг номхотгох хүч чадал нь эрчүүдийнх нь булчинд, тэнхээ бяранд нь байжээ. Гуравдугаарт, алсын зайнаас мэргэн харвадаг худлаа гэхнээ, тэнгэрт яваа хоёр шувууг харваатах гэхэд “Эрийг нь харвах уу, эмийг нь харвах уу” гэж омойтдог байсан гээд бод доо. Тэгэхээр нэгд, хурдан хүлгүүд нь орчин үеийн пуужин мэт, хоёрт, бяртай хүчтэй эрчүүдийнх нь нэг нь зуун хүчтэй эрийг намлахаар тэнхээ, мэх, ухааны чадал нь, гуравдугаарт, мэргэн оночийн тусгалтай, орчин үеийн цахим тооцоолуураар хийсэн сансрын хөлөг шиг оночтой нум сум гурав нь эцсийн эцэст эрийн гурван наадмаасаа эхтэй. 

-Хуучин цагт барилддаггүй эр хүн байдаггүй байсан гэж та нэгэнтээ ярьж байсан даа?

-Эрийн гурван наадмынхаа дасгалыг сайн хийсэн учраас хүү болгон нь барилддаг, өнөөдрийнхөөр бол бүгдээрээ боловсролтой, хүлэг болгон нь уралддаг. Өдөрт 10 өртөө давхидаг хүлэг, одооныхоор 300 км гэсэн үг шүү дээ. Тэр үед хүн төрөлхтөн машингүй, техникгүй, сайндаа л илжигтэй байх үед энэ чинь сэтгэлд нь багташгүй хурд байж. Ингээд Эрийн гурван наадам гэдэг Монголын хүчирхэгжлийн хүчирхэгжил байсан. Гэвч мандан бадрах хийгээд бууран доройтохын тухайд нэг мэдсэн чинь нөгөө хүчирхэг Монгол чинь хөөрхий минь дээ “Устаж магадгүй үндэстэн” гэсэн бүртгэлд орчихсон, хагас сая хүрэхгүй хүнтэй, ихэнх нь өвгөн, эмгэн, өвчтэй эмгэгтэй болчихсон байсан. Гэвч бас л эх орончид, Чингисийн удмын тархиндаа бяртай, зүрхэндээ тэнхээтэй хүмүүс нь улсаа өөд татсаны буянаар Эрийн гурван наадмаа хийж эхэлсэн шүү дээ. Эрийн гурван наадмыг хэн хийдэг вэ гэхээр туурга тусгаар улс хийдэг. Тэрнээс их гүрнүүдийн хаяанд байгаа өвөрлөгч, халимаг, буриадуудад Эрийн гурван наадам гэсэн төрийн их наадам байхгүй шүү дээ. 

-Эрт цагийн эрийн гурван наадмыг зохиол бүтээлд бишгүй мөнхлөн үлдээсэн байдаг. Хамгийн анхны эрийн гурван наадамтай кинонд таныг ажиллаж, арын албанд идэвхийлэн ажиллаж байсан гэж дуулсан. Та энэ тухай бидэнд ярьж өгөхгүй юу? 

-Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин Жигжид гуай Ванган, Чимэд хоёрын зохиол “Түмний нэг”-ийн гуравдугаар анги “Тэмцэл” кинондоо Ардын засгийн анхны наадам хийж байгааг авч байлаа даа. Тэр үед би тэр зургийн газарт нь хар ажилчин, “Тэнд утаа тавь” гэвэл гүйж очоод, аргал асаадаг, “Хөөе тэнд гэр барь” гэвэл барьдаг гэх мэт ажилтай. Тийнхүү дэгдэж явтал Налайхын хажуугийн Бүс нуурын хөвөөнд “номхон бор”-ын цэрэг гэж Зөвлөлтийн цэргийн том анги яг 1921 оны үеийн хувцсаар хувцаслачихаад, “Мотоор” гээд орилонгуут ярсхийгээд жагсахад бэлэн байдаг. Ардын журамт цэрэг бас байна. Ард түмэн байна. Ингээд ялсан төрийнхөө анхны наадмаар яаж баярлаж, яаж хүндэтгэж, яаж хийморь нь сэргэж байгааг үзүүлэх ёстой байжээ. Гэтэл тэр үед хүчирхэг гэрэлтүүлэгч, их гэрэл тоног төхөөрөмж байсангүй. Кино зураг авахдаа онцын их гэрлийн шаардлагагүй авдаг байлаа. Гагцхүү нартай хамтарч киногоо авдаг. Ингэтэл долоон хоног нар гарсангүй. Тувт бороо асгаад. Энэ хооронд киноны аваргууд зүгээр суусангүй. Урлагийн гавьяат зүтгэл Уртнасан, зэрэг цолд хүрээгүй ч жинхэнэ зураглаач Цэрэн нар зогсоо зайгүй “номхон бор”-ын цэргийг жагсааж алхуулаад, Ардын журамт цэргийг жавхалзуулаад, за тэгээд юу эсийг хийх вэ. Зургаараа “33-дана” гэж худлаа авахыг хэлдэг юм шүү дээ. Хэрвээ жинхэнээр авчихвал нэгд зураг нь гарахгүй, хоёрдугаарт хайран хальс болно. Манайх чинь хальсаа хонио өгч байж авдаг юм шүү дээ. 

-Тийм үү?

-Тийм байлаа. За ингэж байтал долоо дахь хоногийн үдээс хойш нөгөө үүлэн цаана байсан нар чинь гэв гэнэтхэн мэлтэсхийгээд л гарав. “Зургандаа” гээд, тэнд байгаа хамгийн том жанжин, цэргийн ангиудын дарга нараас ч илүү жанжин Жигжид гуай орилоход л бүгд бэв бэлэн. Тэгээд ардын засгийн анхны наадамд ард түмэн ямаршуухан байгааг, хэдийгээр тамгаа шилжүүлсэн төрийн эрх мэдэлгүй болсон ч ард түмний сүсгийн хүлээсээр тө...  дутахгүй хүндтэй Богд хаан, түүний шадар бараа бологсод улаан, шарыг тунаруулсаар, намс намс алхлав аа. Тэгж байтал сүсэгтэн олон Богдын гишгэсэн газар духаараа мөргөөд хэвтэцгээчихсэн, гишгэсэн газраас нь шороо аваад духандаа түрхээд, адис авч байгаа эд бүгдийг харахад шашны хүлээс ямар айхтар байсан юм бэ, хоёрдугаарт Богдын нэр төр, хүндэтгэл нь хэдийгээр төрөөс тусгаарлчихсан ч гэсэн ямар их хүчтэй байгааг харж болохоор зураг байлаа. Дараа нь зураг дутсан байх магадгүй, эсвэл түүхэн кинонд орчин үеийн шаахайтай хүүхэд гүйвэл тэр бгдийг хасдаг учраас олон удаа авдаг. Тэрнийгээ дубльдэнэ гэдэг байлаа. Тэгээд Ардын засгийн Сүхбаатар жанжин морилох үед Оросын “номхон бор”-ын цэрэг яаж гуулин хөгжимтэй ярсхийтэл алхах үед ардын журамт цэрэг түүнээс ч дутуугүй морьт цэрэг яаж давхин өнгөрөх вэ, тэр үед Сүхбаатар жанжин ялсан төрийнхөө анхны наадмыг ямархуу хэмжээнд баясгалан төгөлдөр, жавхаатай, инээн баясан угтаж байна вэ гэдгийг харуулах ёстой. Тэгсэн чинь Сүхбаатар жанжин маань гарч ирдэггүй. 


-Сүхбаатар жанжинд тоглож байсан жүжигчин хэн байв? Юу тохиолдсон юм бол? 

-Жүжигчин Дашнамжил. Би чинь Дамбийжаагийн тоодон гэдэг шиг, найруулагч зураглаач нарын зарц юм чинь “Жанжинг дагуулаад ир” гэвэй. Хамгийн хойд талын гэрт орсон чинь жанжин маань байдгаараа уйлчихсан, эр хүний харамч нулимс ингэн тэмээний нулимс шиг том томоороо унаж байхыг харахад их цочирдом байлаа. “Уйлсныг бүү асуу, инээснийг асуу” гэж миний ард түмэн хэлдэг. Хажууд нь байгаа хүнийг хуруугаараа дохиж гаргаж ирээд “Яасан бэ” гэсэн чинь “Үүрээр Дашнамжилын таван настай хүү нас барчихлаа. Миний бодоход, түрүүнд нь зургаа таслахгүйн тулд мухар олгойгоо авахуулалгүйгээр, архагшуулаад зурганд орсон. Тэр нь хагарчихсан юм байх гэсэн үгүй юм аа. Тэгэхээр зэрэг хүү нь нас барсан эцэг чинь уй гунигийн эргүүлгэд унаад, оршуулгын ажил гэж хэд хонов. Долоо хоног алдчихсан, долдугаар сарын 9-нд энэ киног гаргахгүй бол болохгүй, кино үйлдвэрийнхэн бараг толгой бөндгөс болж шийтгшүүлэх, үзэл суртлын том алдаа гаргасан, ялсан төрийн их баяр наадмын киног гаргаагүй, төлөвлөгөө биелүүлээгүй гээд бүгд шийтгүүлэх ийм үед одоо яана даа гэж бодож байх үед “Хайя Галсан” гээд дуудаж байна. Би яах вэ дээ, гүйгээд л очсон чинь “Чи яагаад тэр жанжныг авчирсангүй вэ” гэхээр нь “Жанжин уйлаад, сууж байна. Хүү нь нас барчихжээ” гэнгүүт Жигжид гуай, тэр ардын жүжигчин, та бидний сайн таньдаг төрд хэрэгтэй зайран Чимэд-Осор ахыг “Алив хоёулаа явъя” гээд дагуулаад гарлаа. Тэр хоёр гэрт явж орлоо. Тэгсэн тэр хоёрыг харангуутаа улам их уйлдаг юм байна. Бүр мэгшиж уйлдаг юм байна. Аргагүй юм даа. 

-Уй гашуу тохиолдсон үед аргадаж эвийлэх хэцүү. Жанжнаа хэн зүрхэлж аргадаж тайвшруулсан бэ? 

-Тэгтэл жаахан байж байснаа Жигжид гуай “Жанжаан” гэсэн чинь үрээ алдсан Дашнамжил биш, ялсан төрийн жанжин болсон оо доо. Ингээд өөдөө харахдаа гашуудлаа мартсан. Тэгтэл Чимэд-Осор ах “Ардын засгийн анхны наадам таныг хүлээж байна” гээд хэлэнгүүт “За алив, энэ нүүрийг дахиад будчих” гэлээ. Тэр үед нулимсандаа будаг нь урсчихсан, нүүр хувиргагч Ичинхорлоо гэж дор нь хувиргаад, Дашнамжил биш Сүхбаатар жанжин болчихож байгаа юм чинь. Тэгээд л ардын засгийнхаа анхны наадамд жавхалзан алхлаа, чухам. Гараараа даллаад, инээчихсэн. Тэгтэл ганцхан удаа зураг авахуулаад уйлаад суучихсан. Уг нь арван удаа та нарын хэлээр дубльдэнэ, Тангадын Галсангийн хэлээр дахин дахин зураг авна. Одоо тэгээд яах вэ, зургийн дарга нь Эрдэнээ гэж Соёлын гавьяат зүтгэлтэн, одоо киноны бүх ажлыг хийж чаддаг хүн байсан. Гадуур давхилаа. Би зарц юм чинь, хоёулаа яваад Кино үйлдвэрийн том том торхтой хальсны араас нөгөө хальсаа зүүлээ. Позитив гэдэг дүрс чинь дөрвөн дүрс шахдаг юм шүү дээ. Негатив буюу эсрэг дүр байснаа гэнэтхэн эерэг дүр болж хувирна. Бид хальсаа дэлгэцэнд гаргаад үзсэн чинь хүүе ээ, энэ гурван ангит кинонд Дашнамжилын тоглосон дүр дотор хамгийн цоглог, жавхаалаг, аргагүй ялсан төрийн жанжин ард түмэнтэйгээ баярлаж байгаа тийм сайхан дүрс гардаг юм даа. Нөгөө олон цэргүүдийг чинь саатуулахын тулд Монголын уран сайхны кинонуудыг зогсоо зайгүй гаргадаг байлаа. Кино механикчид нь нөгөө дүрсээ тавиад үзэхэд Бүс нуурын хөвөөнд байсан бүх хүн алгаа нижигнэтэл ташиж байх нь тэнгэр дуугарч байгаа мэт байж билээ. Ингээд би боддог юм. Үрээ алдсан эцгийн зүрх уй гунигийн хар эргүүлгээс ялсан төрийн их жанжны баяр баясгаланд шилжихээс мөн ч том зай бий. Гэтэл тэгж чаддаг юм билээ. Ингээд цэцгийн дэлбээ шиг эмзэгхэн тэр зүрх, ган гантигаар сийлж хийсэн сарнай шиг болохыг би нүдээрээ үзэж явлаа. Миний үзсэн наадам дотор Ардын засгийн анхны наадмын кино бүтээхэд үзсэн цаг түүхий үлгэрч. Наадам сайхан даа сайхан. Гэхдээ тусгаар улс наадмаа хийдэг шүү. Тэрнээс бусдын эрхшээлд буй улс хийж чаддаггүй. Жишээ нь, Манжийн эрхшээлд байх үед манай Заг Байдрагийнхан эрийн хоёрхон наадам хийдэг байлаа. 

-Сонирхолтой юм. Яагаад эрийн хоёрхон наадам хийдэг байгаа вэ? 

-Бөх барилддаг, морь уралддаг. Тэр наадамд Манжийн морь, бөх түрүүлэх ёстой. Ийм хөгийн байлаа шүү дээ. Нум сумыг эхэл товшууртай нь хурааж аваад, бүгдийг нь шатаачихсан. Дэлхийн соёлын түүхэнд хөгжим шатаасан хар түүх. Гитлер, Мао ном шатаасан. Манай Бал даргын үед ч ном шатаасан, миний номыг эхэлж шатаасан. Арвайхээр найраглал. Дараачаар нь Ренчин багшийн минь хэл шинжлэлийн гуравдугаар ботийг шатаасан. Дамдинсүрэн багшийн он цагийн хэлээсийн жагсаалтыг шатаасан. Лениний тухай мөр нь цөөхөн байна, бурханы тухай олон байна гэх жишээтэй. Үзэл суртал гэдэг тийм хөгийн юм байдаг даа. Нэгэнт нум сумаа шатаалгачихсан учраас эрийн гурав биш хоёр наадам болдог ийм эмгэнэлт үеийг алгасаад, бид эрх чөлөөгөө олсны буянд Эрийн гурван наадмаа бид ёс ёмбогоо, төр төмбөгөр, сайхан тэмдэглэдэг. Ард түмэн мориныхоо сайныг сонгож, дэлийг нь засаад, эхнэртэйгээ хоёулаа ижил зүсмийн морио унадаг, цөмөөрөө шинэ дээл өмсдөг. Цөмөөрөө наадмын өдөр хэрэлдэж, зодолддоггүй, муу үг амнаасаа унагадаггүй, цөмөөрөө бэлэг дэмбэрэлтэй сайхан үг хэлж морины хурд, нум сумын оноч, бөхийн бяраар миний Монгол өөдлөн дэвжих нь ээ гэж баярлаж байдаг. Ийм сайхан жудагтай, сайхан нүнжигтэй, сайхан ёс горимтой доо. 

-Хоёрхон хоноод Үндэсний баяр наадам эхлэх нь. Та наадамчин олондоо ерөөлийн үгээ хайрлана уу? 

-Зээ, цагаан хэрэмт урд талын том гүрний ард талд, Улаан Кремльт хойд талын том гүрний урд талд цагаан өргөөт Монгол түмэн минь тусгаар улс. Туурга тусгаар улс гэдэг бол өөрийн үндэсний хэл соёлтой, ёс заншилтай. Дэлхийн зурган дээр НҮБ-аар баталгаажуулсан газрын хил хязгаартай. Өөрийн төрийн сүлдтэй. Бусдын хаяанд байгаа үндэсний цөөхөнд тийм зүйл байхгүй. Тэдэнд Батлан хамгаалах яам байхгүй шүү дээ. Тэдэнд тухайн том гүрэн л бий. Ийм аугаа их бахархал, тусгаар тогтнолоо тэрэг болгоны хоншоор дээр дарцаглан хийсч байгаа алтан соёмбот далбаагаараа энэ хүн үндэснийхээ их баяр наадмыг тэмдэглэж байна. Энэ хүний хийморь тийм байх юм байна гэж харагддаг гээд Бүрэн эрхт Монгол Улс даяараа улсынхаа их баяр наадамд наадах үед хүчтэн бүхэн нь энэрэнгүй бөгөөд олон мэхтэй, дэлхийн мэхийн уран сайхны үзүүлбэр хийж байгаа юм шиг тэгж сайхан барилдаж наадаасай. Хөлөг морьд нь тал дүүрэн уралдаж, хэний төлөө, юуны төлөө цогиж яваа юм бэ хэмээн түрүүлж яваа морийг төдийгүй сүүлдэж байгаа даагыг монголчууд харан нулимсаа арчдаг даа. Хүлэг бүхэн нь хурдан байх болтугай. Алт, мөнгөн тэвнийн сүвэгчээр гараад, ганц шүдэнзнээс гал гартал харвадаг гэж домогт гардаг мэргэн харваачдын маань оноо бүгдээрээ мэргэн байх болтугай. 

Миний ард түмэн туурга тусгаар улсынхаа Төрийн дор, Засгийн дор энэ үндэстэн мандан бадрах юм байна хэмээн эв эетэй, инээд баясалтай сайхан наадацгаах болтугай. Хурай хурай хурай. 

-Танд баярлалаа. Сайхан наадаарай!