Г.Сайнзаяа
02 сарын 11, 2019
Эелдэг байх тийм ч хүнд хэцүү зүйл биш. Энэ нь зөвхөн бусдад бус өөртөө ч хүндлэл үзүүлж буйн илрэл гэж болно. Эелдэг байх нь нөгөөтэйгүүр бөөнөөр нэг дор амьдарч байгаа өнөө цагт нийгэмших, соёлжихын нэг хэлбэр юм. Бидний ерөнхийд нь мэддэг ч анзаардаггүй зарим дадал зуршлыг “Bright Side” сэтгүүл ийн онцолжээ.
Таныг гэрийнхээ халаадтай, амаа ч угаагаагүй байж байтал гэнэтийн зочид ирэх үе байдаг уу. Тэгвэл та үүнийг маш сайн мэдэж байгаа байх. Их Британийн нэгэн хатагтай гэрт нь гэнэтийн зочид ирвэл бушуухан гутлаа өмсөж, малгай, шүхэр хоёроо барьдаг. Ирсэн зочин найрсаг байвал “Би дөнгөж гаднаас орж ирлээ”, бүдүүлэг байвал “Яана аа, би яг гарах гэж байна” гэж хэлдэг хэмээн туршлагаа хуваалцжээ.
Та ажил дээрээ, эсвэл хэн нэгний гэрт байсан ч шүхрээ дэлгэн хатааж, тухайн газрын зай талбайг эзэгнэн, ус дуслуулах хэрэггүй. Алчуураар арчаад хумиж хатаахад л хангалттай шүү дээ.
Жижиг хэмжээтэй, гоёмсог кошелекийг ширээн дээр тавьж болно. Харин гар цүнхийг өвөр дээрээ, эсвэл сандлынхаа ар хэсэгт битгий тавиарай. Түүний оронд сандлын түшлэгээс өлгөж, хүсвэл газар тавьсан ч болно. Дизайнерын цүнхнүүд доод хэсэгтээ газарт тавихад зориулж хөл хийсэн байдаг шүү дээ.
Гялгар уут болон бутик дэлгүүрийн уутыг зөвхөн дэлгүүрээс юм цуглуулахдаа л хэрэглээрэй. Үүнд өдөр тутмын зүйлсээ хийж, цүнх болгон ашиглах нь тийм ч таатай зүйл биш юм.
Халаад, торгон сарфанчик, торон даашинз бол унтлагын хувцас. Амралтын өдөр, гаднын хүнгүй байсан ч унтлагын хувцастайгаа өнжих хэрэггүй. Тэр дундаа хүүхдүүдийнхээ дэргэд нимгэн, торгон унтлагын хувцастай явах нь тэдэнд таатай санагддаггүй байна.
Хүүхэд тань тусдаа өрөөтэй болсон бол орохынхоо өмнө тогшиж байгаарай. Тэгвэл таны хүүхэд ч өрөөнд тань орохынхоо өмнө тогшиж сурах болно. Энэ нь хэн хэнийгээ эвгүй байдалд оруулахгүй байх, мөн эелдэг байх нэг хэлбэр.
Эмэгтэйчүүд өрөөн дотор байсан ч малгай, бээлий өмсөж болно. Үүнийг ойлгож, хүндэтгэх нь чухал. Гэхдээ саравчтай малгай, ноосон бээлий биш шүү.
Бугуйвчийг бээлийний гадуур зүүж болохгүй ч бөгж зүүж болно. Мөн цаг орой болох тусам илүү үнэтэй гоёл чимэглэлээ зүүх хэрэгтэй. Хуучны цагт алмаасыг зөвхөн гэрлэсэн эмэгтэйчүүдийн үдшийн гоёл гэж үздэг байжээ. Харин одоо өдрийн цагаар ч гацуур мод шиг гоёсон бүсгүйчүүд явах болсон нь тийм ч зохимжтой биш.
Хэрэв эмэгтэй хүн бизнесийн түншээ хоолонд урьсан бол өөрөө тооцоогоо хийнэ. Харин “Хоолонд орцгооё” гэсэн бол хүн бүр өөрсдийнхөө төлбөрийг хийх ёстой юм. Эрэгтэй хүн эмэгтэй хүний өмнөөс тооцоо хийхийг санал болгосон үед зөвшөөрч болно.
Цахилгаан шатнаас түрүүнд буух хүн хаалгатай хамгийн ойр зогсоно.
Энэ суудал бүсгүйчүүдэд зориулагдсан гэж болно. Зөв талдаа жолоотой машинаар төсөөлбөл, эрэгтэй нь хаалга онгойлгож, бүсгүйн араас сууна. Харин буухдаа түрүүлэн бууж, хаалга нээж өгөх хэрэгтэй. “Бизнест эрэгтэй, эсвэл эмэгтэй гэж зүйл байхгүй” гэх ёс суртахуунаас болоод түншүүд энэ зарчмыг эвдэх нь бий.
“Ямар гоё даашинз вэ, хэдээр авсан бэ” гэсэн таагүй асуултыг хэн нэгэн асуулаа гэж бодъё. Та инээмсэглээд л “Бэлэг байгаа юм” гээд сэдвээ өөрчилбөл зүгээр. Улс төр, шашин шүтлэг, эрүүл мэнд, мөнгө зэрэг сэдвээр та хүсэхгүй бол ярилцах, дэлгэх шаардлагагүй. Ярианы зарим сэдвээс татгалзаж сураарай.
Бусдаас та ямар хандлага хүлээдэг вэ. Бусдад ч мөн тийм хандлагаар ханд. Ажлын байранд та хэн нэгэнтэй дотно байсан ч анх удаа уулзаж байгаа мэт соёлтой хандах хэрэгтэй. Гэртээ ч мөн адил. Дотнын хүн байлаа гээд тэдэнтэй бүдүүлэг харилцаж болно гэсэн үг биш.
Хамаатан, эхнэр, нөхөр, эх орноо бусдад муулах нь тийм ч зөв зүйтэй зүйл биш. Гэхдээ үүний хажуугаар байхгүй байгаа хэн нэгнийг хэлэлцэхийг ч эелдэг зан гэж үзэхгүй.
Нас, хөрөнгө, гэр бүлийн маргаан, шашин шүтлэг, эрүүл мэндийн асуудал, хайр дурлал, бэлэг, гавьяа ба ичгүүртэй явдал.
Эцэст нь Холливудын алдарт жүжигчин Жек Николсоны хэлсэн үгийг эш татъя. “Би ёс журам, эелдэг байхыг их хичээдэг. Таваг хэрхэн дамжуулж өгөх вэ. Нэг өрөөнөөс нөгөө рүү орилохгүй байх. Хаалттай хаалгыг тогшилгүй орж болохгүй. Эмэгтэй хүнд зам тавьж өгнө гээд л. Энгийн хэрнээ дуусашгүй энэ их ёс суртахууны зорилго нь амьдралыг илүү сайн сайхан болгох шүү дээ. Хүмүүжил, ёс суртахуун бол хийсвэрлэл биш, хүндлэлийн ойлгомжтой хэл юм”.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.