“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орох дөхжээ. Нисэх буудлыг ашиглалтад өгөх хугацаа ойртож байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай өчигдөр танилцлаа. Шинэ нисэх буудлын барилга, бүтээн байгуулалтын ажил 98.9 хувьтай байна. Улсын комиссын илрүүлсэн 1278 зөрчил дутагдлыг залруулах ажлын явц 93.9 хувьтай биелэгджээ.

Монгол Улс Япон улсаас 40 жилийн хугацаатай, жилийн 0.1 хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээлээр энэхүү бүтээн байгуулалтыг хийж байгаа билээ.
Үндсэн зээл – 49.5 тэрбум иен
Хугацаа – 43 сар
 Нэмэлт зээл – 5.9 тэрбум иен (Өнгөрсөн оны гуравдугаар сард гэрээнд гарын үсэг зурсан)

Шинэ нисэх буудлын үндсэн барилга нь олон улсын жишигт нийцсэн барилга болсныг албаны хүмүүс энэ үеэр сайшаалаа. Нисэх буудал зургаан хүзүүвчтэй, нэгэн зэрэг найман хөлөгт үйлчлэх чадамжтай, цагт 1500 зорчигч хүлээн авах хүчин чадалтай.

ҮНДСЭН ГЭРЭЭНИЙ ДҮН БОЛОХ 49.5 ТЭРБУМ ИЕН-ЭЭР ЮУ ХИЙСЭН БЭ

Шинэ нисэх буудал нийт 32 объектоос бүрдэнэ. 

Нисэх онгоцны шинэ буудал нь олон улсын стандартыг хангасан иж бүрэн цогцолбор бөгөөд том оврын агаарын хөлөг хөөрч, буух хоёр талын оролт, гаралттай зурвас, явгалах зам, перрон, нислэг, хөдөлгөөний удирдлагын байр, зорчигч үйлчилгээний барилга, захиргааны барилга, мөн түүнд холбогдох гүүрэн байгууламж, 825 авто машины зогсоол, 42 мвт-ын хүчин чадалтай дулааны станц, цахилгаан дамжуулах 110 кв-ын өндөр хүчин чадлын шугамын дэд станц, гүний худгийн барилга, бохир ус цэвэрлэх ариутгах татуурга, ус цэвэршүүлэх байгууламж, агаарын хөлөгт үйлчлэх тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний барилга, гал унтраах, авран хамгаалах албаны барилга, 200 авто машины болон газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийн гараж, ачаа, шуудан тээврийн үйлчилгээний барилга, агаарын хөлгийг шатахуунаар цэнэглэх газар доорх гидрант систем, нийт 8000 тонны багтаамж бүхий шатахууны агуулах сав, үерийн уснаас хамгаалах далан сувгийг тус тус барьж ашиглалтад оруулаад байна.

Түүнчлэн төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа хамгийн урт 1.5 км урттай газар доогуурх инженерийн шугам сүлжээний туннелийг барьжээ. Энэ нь цахилгаан холбоо болон дулаан, цэвэр, бохирын усны гэсэн хоёр хонгилтой. 

Нисэх хөдөлгөөний удирдлагын цамхаг нь 38 м өндөртэй, газар хөдлөлтийн есөн баллд тэсвэртэйгээр баригджээ. Мөн гал унтраах есдүгээр зэрэглэлийн барилга байгууламжийг бүх тоног төхөөрөмжийн хамт нийлүүлсэн байна. Нийт объектын хамгийн том нь болох терменалын барилга 53726 мкв талбайтай зургаан хүзүүвчтэй, жилдээ 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай. 

Төслийн хүрээндМонгол Улсын хамгийн анх гэж хэлж болох 75 га талбайд ногоон байгууламж барьсан” гэдгийг Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн нэгжийн захирал Б.Энхбат тодотгосон юм.

Үлдсэн хугацаанд агаарын тээврийн компаниудад зориулсан ангарын барилга барих ажил үлджээ. Ингэхдээ хоёр дахь зээлээс 5 тэрбум орчим иен хэмнэсэн тул энэ мөнгөөр ангар барих ажлыг эхлүүлжээ. Энэ талаар Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн нэгжийн захирал Б.Энхбат хэлэхдээ “Ирэх оны зургадугаар сард ангарыг ашиглалтад оруулна. Барилгын ажил 27 хувийн гүйцэтгэлтэй байна. Ангарт шаардлагатай ган хийцийг БНХАУ-аас худалдан авах тул гаалийн татвараас чөлөөлөх хүсэлтээ тэрбээр Ерөнхий сайдад илэрхийлсэн юм.


ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ: ИРЭХ ЖИЛИЙН НААДМААР НИСЭХ БУУДАЛ АШИГЛАЛТАД ОРООСОЙ ГЭЖ БИ ХҮСЭЖ БАЙНА

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Энэ Засгийн газрын хамгийн чухал ажлын нэг нь шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах. Энэ нисэх буудалд түшиглэн манай улсын аялал жуулчлал хөгжинө. Япон улсын Хоккайдо мужид айлчлах үеэр Монгол руу шууд нислэгтэй болгохыг хүсч байсан. Туркууд манайд нислэгээ нээе гэдэг, Солонгос, Хятадууд нислэгийнхээ тоог нэмье гэдэг ч харамсалтай нь онгоц хүлээн авах хангалттай нисэх буудалгүйн улмаас бид дээрх сайхан боломжуудаа алдсан. Тиймээс шинэ нисэх буудлаа бид яаралтай ашиглалтад оруулах нь чухал. Төслийн хүрээнд хоёр улсын холбогдох албаны бүх хүн нь ирцгээсэн байна. Хамтын бизнес учраас хамтын ашигтай байх ёстой. Мөн харилцан бие биедээ итгэх ёстой. Бизнес бол итгэлцэл дээр тогтдог. Шинэ нисэх буудлыг хэвийн үйл ажиллагаанд оруулахад Японы талын гүйцэтгэх үүрэг асар өндөр.

Олон улсын шинэ нисэх буудал цаашид ашигтай ажиллана. Хоёр талдаа харилцан ашигтай байхаар менежментийн гэрээгээ байгуулах хэрэгтэй. Шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахын төлөө Монголын Засгийн газраас бүхий л талын дэмжлэг туслалцааг үзүүлж ажиллана. Сайд нар хариуцсан ажлынхаа чиглэлээр үг хэллээ. Сайдын амнаас гарсан үг бол шийдвэр. Ирэх жилийн долдугаар сарын 11-ний өдөр буюу Үндэсний их баяр наадмаар шинэ нисэх буудал ашиглалтад ороосой гэж би хүсэж байна. Энэ өдөр бол манай ард түмний баярын өдөр. Сэтгэл, итгэл, зүтгэл гурав хамт байхад ямар ч ажил бүтдэг" гэдгийг хэллээ.


ИНЕГ-ЫН ДАРГА Л.БЯМБАСҮРЭН: “ИНЕГ-ын давсан орлогоос 30 тэрбум төгрөгийг энэ ондоо багтаан Монголын талын 49 хувьд шилжүүлнэ. Он гараад нэгдүгээр улиралд багтаан үлдэгдэл 17.1 сая ам.долларыг ИНЕГ-аас шилжүүлнэ. Катеринг барилгын ажил эхэлчихсэн. Гэрээний дагуу ирэх зургадугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. ИНЕГ-ын Ашиглалтын өмнөх захиргааны алба 2016 оны сүүлээр байгуулагдсан. 2017 оны нэгдүгээр сард Улсын комисс ажиллаад 1278 зөрчлийг илрүүлсэн. Үүнээс одоогийн байдлаар 1209 зөрчлийг нь арилгаад байна. Монгол Улсад шилжүүлэх явцад нийт 720 дутагдал дахин илэрсэн. Энэ нь ашиглалтын явцад гарсан алдаа байсан. Үүнээс 64 зөрчил үлдсэн. Бусдыг нь арилгасан. Зөрчил дутагдлууд нислэгийн үйл ажиллагаа явуулахад саад болохгүй зөрчил гэдгийг тодотгон хэлмээр байна. Шинэ нисэх буудалд онгоц хөөрч, буух үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон. Шалгалтын нислэг хийгдсэн. Холбогдох бүх тоног төхөөрөмжүүд нь хангагдсан” гэлээ.

Шинэ нисэх онгоны буудлыг ашиглалтад оруулахад тулгамдаж байгаа асуудлыг судалж шийдвэрлүүлэх үүрэг бүхий Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн аравдугаар сард байгуулагдсан. Нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулахад нийтдээ 36 ажил дутуу байна гэж ажлын хэсэг үзжээ. Эдгээр ажлууд гурван сарын хугацаанд хийгдэж дуусна гэдгийг ЗТХ-ийн сайд Я.Содбаатар тодотгов. Түүнчлэн төслийг ашиглалтад оруулахын тулд яам хоорондын нэн яаралтай шийдэх найман асуудал байгаа гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд учирлалаа. Тухайлбал, хоёрдогч цахилгааны эх үүсвэрийн асуудал, газар олголтын асуудал, мөн агаарын хөлгийн засвар байгууламж барихад шаардлагатай нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа аж. Ерөнхий сайд У.Хүрэлсүх салбарын сайд нарыг хариуцсан ажлаа түргэн шийдэхийг үүрэгдэв.

Эх сурвалж: Иргэний нисэхийн ерөнхий газар