Баян-Өлгий аймгийн Ногоонуур суманд тарваган тахлын болзошгүй тохиолдол 3 хоногийн өмнө бүртгэгдэж гэр бүлийн 2 хүн нас барсан билээ. Нас барсан иргэд тарваганы түүхий бөөр, цөс, ходоодыг залгиснаас амь насаа алдсан гэдгийг албаныхан дурдлаа.

Энэхүү хоёр иргэн нь гэр бүлийн хүмүүс бөгөөд эхлээд эхнэрийнх нь бие муудаж Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгджээ. Нөхрийнх нь биеийн байдал тухайн үед хэвийн байсан учраас гэртээ харьсан гэнэ. Харамсалтай харингуутаа гэнэт муудаж гэртээ нас барсан аж. Уг явдлын дараа аймгийн эмнэлэгийнхэн тарваган тахал байж болзошгүй гэж эхнэрийг нь тусгаарласан ч хоногийн дараа нас баржээ. 

Энэхүү гэр бүл 0-12 насны 4 хүүхэдтэй байжээ. Одоогоор нас барсан хүмүүсээс халдварын шинжилгээ авсан бөгөөд ЗӨСҮТ-д хүргүүлжээ. 

Баян-Өлгий аймгийн онцгой байдлын комисс 5 удаа хуралдаж, хорио цээр тогтоож, нас барсан иргэдийн эмчлүүлсэн эмнэлэг, эмч, сувилагч нарыг тусгаарлах зэрэг арга хэмжээ авсан байна. 

Энэ талаар ЗӨСҮТ-өөс тодруулахад,

"Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд тарваган тахлын “болзошгүй” 2 тохиолдол бүртгэгдэж нас барсан бөгөөд үүссэн нөхцөл байдлын хүрээнд Улсын онцгой комиссын шуурхай бүлэг болон Эрүүл мэндийн яамны томилсон баг бүрэлдэхүүн газар дээр нь очиж, тархвар судлалын холбогдлыг тогтоох, онош тодруулахаар лабораторийн шинжилгээ хийн ажиллаж байна" гэлээ.

Нөхцөл байдалтай холбогдуулан иргэдэд ЗӨСҮТ-өөс дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;
  • Тарваганы түүхий эд, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
  • Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;
  • Тарваган тахлын дархлаажуулалтад жил бүр хамрагдах;
  • Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж  тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай дуудлага өгнө үү.