Төрийн байгууллагуудын мэдээлэл цахим хэлбэрт шилжсэнтэй холбоотойгоор Татварын алба энэ жилээс татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх иргэдийн материалыг цахимаар хүлээн авдаг болжээ. 

Өмнө нь татварын хөнгөлөлт эдлэх иргэд 25-30 хуудас материал бүрдүүлж, нотариатаар баталгаажуулж, заавал өөрийн биеэр очдог байсан. 

Энэ нь иргэдийг олон дахин нааш цааш явуулж, цаг хугацаа болоод санхүүгийн хувьд нэлээд чирэгдэл учруулдаг. Тэгвэл энэ жилээс эхлэн иргэдийн материалыг цахимаар авч эхэлсэн нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө болоод байгальд ээлтэй үйлчилгээ болсон байна. 

Мөн Татварын ерөнхийй газар 2021 оныг цахим жил болох зорилтынхоо хүрээнд үйлчилгээг цахимжуулахаас гадна, тоног төхөөрөмж, серверүүдийнхээ хүчин чадлыг сайжруулсан. Энэ нь ачааллаа 10-20 дахин нэмэгдүүлэх боломжтой болсон гэдгийг албаны хүн хэллээ. 


Тус үйлчилгээг цахимжуулсан нь иргэдэд хэрхэн нөлөөлж буй талаар Хөвсгөл аймгийн иргэн Я.Түвшинжаргалтай холбогдож, санал бодлыг нь сонслоо.

 Я.ТҮВШИНЖАРГАЛ:ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ ГЭЖ 5-7 ХОНОГИЙГ ЗАРЦУУЛДАГ БАЙСАН БОЛ ОДОО ГЭРЭЭСЭЭ ХЭДХЭН МИНУТЫГ Л ЗАРЦУУЛЖ БАЙНА


- Та ямар төрлийн татварын хөнгөлөлт эдэлдэг вэ? Өмнөх жилүүдэд татварын хөнгөлөлт эдлэхийн тулд хэр их бичиг баримт бүрдүүлдэг байсан бэ? 

- Би оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлдэг. Өмнөх жилүүдэд хүүхэд заавал сургуулиасаа тамгатай тодохойлолт авчрах, иргэний үнэмлэхний тодорхойлолт авах зэрэг олон төрлийн материалыг олон байгууллагаас очиж авдаг байсан. 

Энэ нь хөдөөгийн бидэнд их төвөгтэй, бид хот руу явах, бичиг цаасаа бүрдүүлэх, өөрийн биеээр аваачиж өгөх гээд бараг 5-7 хоногийг зарцуулдаг байсан. 

- Энэ жил та материалаа яаж бүрдүүлсэн бэ? Төрийн байгууллагуудын мэдээлэл цахим хэлбэрт шилжиж байна. Ингэснээр татварын хөнгөлөлт эдлэх иргэдийн материалыг цахимаар хүлээж аваад эхэлсэн. Энэ танд хэр өгөөжтэй санагдсан бэ? 

- Энэ жилийн хувьд их амар байсан. Зааварын дагуу  гэрээсээ хэдхэн минутын дотор цахимаар тайлангаа явуулсан. Бүрдүүлэх материал бараг шаардаагүй. Хүүгийнхээ регистрийн дугаарыг хийгээд л бусад материалуудыг нь сайтаасаа татчихсан.  

Энэ цаг хугацаа болоод санхүүгийн хувьд тодорхой хэмжээнд хэмнэлттэй байсан. Урьд жилүүдэд хүү нь тодорхойлолтоо явуулна, би эндээс тосч авахаас эхлээд нилээн ажил болдог байсан.  Төрийн үйлчилгээг цахимжуулах нь иргэдэд маш хэрэгтэй байдаг юм байна гэдгийг энэ жил төвөг чирэгдэлгүй хүсэлтээ гаргахдаа бодож байлаа. 

Хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх иргэд маань заавал татварын албанд очилгүй гэрээсээ тайлангаа гаргаарай гэж уриалая. Тэгээд бас заавал хэн нэгнээс асуугаад байх шаардлагагүй өөрөө жаахан оролдоход л учрыг нь олчихоор энгийн байсан.