ТЕГ: Дипломат ажилтан Баттүшиг томилогдоод удаагүй байхдаа хар тамхины хэрэгт холбогдсон

Х.Оргил
06 сарын 07, 2019

Хар тамхины хэрэгтэй холбогдуулан ТЕГ-аас мэдээлэл хийлээ.

ТЕГ-ын Тамгын газрын дарга Д.Эрдэнэ:

2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Монгол Улсаас БНТУ-д суугаа Ерөнхий консулын газрын дэд консул Баттүшиг жолооч Эрдэнэбилэгийн хамт Чех улсаас ХБНГУ-ын хилээр дипломат дугаарай нэвтэрч байх үедээ 70 кг тээвэрлэж яваад баривчлагдсан. Энэ асуудалтай холбогдуулаад Германы прокурорын газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн ТЕГ-аас энэ хэрэгт холбогдох зохион байгуулагч, нийлүүлэгчдийг шалгаж эхэлсэн. 

2018 оны сүүл 2019 оны эхээр дипломат болон албан паспорт, дипломат дугаартай автомашин ашиглан хууль бус наймаа хийсэн байж болзошгүй мэдээлэл ирсэн байсан. Үүний дагуу ГХЯ, ТЕГ хамтран хэд хэдэн чиглэлээр шалгаж ХБНГУ-ын хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байсан юм. Энэ үед уг хэрэг гарлаа. 

Манай улс Герман улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хэлэлцээр байхгүй. Тэгэхээр энэ хэрэг Герман улсын хуулиар шийдэгдэнэ. Хар тамхи тээвэрлэсэн машин элчин сайдынх биш хувийн машин байсан. Гэхдээ дипломат дугаар зүүчихсэн байсан учраас энэ талаар тодруулна. Ямар учраас дипломат дугаар олгосон, яагаад Туркэд үүрэг гүйцэтгэж байсан ажилтнууд Германд явж байсан, хэн хар тамхи нийлүүлэв гэгчлэн тодруулах шаардлагатай зүйл нэлээд байгаа. Баттүшиг бол өмнө нь тагнуулд ажиллаж байсан. ГХЯ-ны шугамаар хоёр ч удаа үүрэг гүйцэтгэж байсан, дипломат албаны шаардлага ханган яамнаас томилогдсон  ажилтан л даа.

Богино хугацаанд, томилогдоод удаагүй байхдаа хар тамхины хэрэгт холбогдсон нь анхаарал татаж байна. 

Холбоотой сэдвүүд

тег хартамхи

Сэтгэгдэл бичих (4)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.